Сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын долоо хоног үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-24 08:29:53

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Жил бүрийн есдүгээр сард Сонсголгүй иргэдийн олон улсын долоо хоногийг тэмдэглэдэг.


Энэ жил есдүгээр сарын 22-28-нд сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг “Дохионы хэлний эрхгүйгээр хүний эрх гэж үгүй” уриатай тэмдэглэж буй. Энэ өдрүүдэд сонсголгүй иргэдийн эрхийг дэмжих, дохионы хэлийг хамгаалах, төр, засгийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой олон арга үйл ажиллагаа зохион байгуулж байна. Мөн тэмдэглэлт өдрүүдийн үеэр улс орнуудын Төрийн ордон, Ерөнхийлөгчийн ордон, орон нутгийн захиргааны байр, олон нийтийн барилга байгууламж, дурсгалт газруудыг цэнхэр гэрлээр гэрэлтүүлдэг уламжлалтай. 


Өчигдөр Төрийн ордныг цэнхэр өнгөөр гэрэлтүүлж, Засгийн газар дэлхийн сонсголгүй иргэдийн хамтын нийгэмлэгтэй нэгдэж, дохионы хэл бол жинхэнэ хэл, төрийн хамгаалал дор орших ёстой гэсэн олон улсын үзэл санааг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Энэ үеэр манай улсын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбооны төлөөлөгчид болон иргэд, олон нийт оролцов. Тэд “Үндэсний дохионы хэлийг хүлээн зөвшөөрөх нь” хэмээх зурагт хуудас барьж, эрхээ хамгаалах асуудлаар санал бодлоо илэрхийллээ.


Цэнхэр гэрэл бол зөвхөн өнгө бус-хүний эрх, тэгш оролцоог илэрхийлэгч юм хэмээн үзэж, сонсголгүй иргэдийн эрх, дохионы хэлний талаарх мэдээллийг олон нийтэд түгээх, хэвлэл мэдээллээр сурталчлах, Үндэсний болон орон нутгийн хэмжээнд сонсголгүй иргэдийн байгууллагуудтай хамтран ажиллахыг уриалж буй юм. 

相关新闻