Экспортын хэмжээ, тээвэрлэлт, биржийн борлуулалт нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-25 14:20:41

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт, гарц, салбар хоорондын уялдааг сайжруулснаар сүүлийн 3 сард экспортын хэмжээ, тээвэр, биржийн борлуулалт нэмэгджээ.


Тодруулбал, энэ оны зургаадугаар сард 1.5 сая тонн нүүрс экспортолсон бол долоодугаар сард 1.95 сая, наймдугаар сард 2.7 сая, 9 дүгээр сарын 25-ны байдлаар 2.6 сая тонн болж нэмэгдсэн байна. Энэ сар дуусахад нийт 3.2 сая тонн нүүрс экспортлох төлөвтэй. Энэ нь өнгөрсөн 15 жилийн хугацааны экспортын хамгийн их үзүүлэлттэй сар байхыг “Эрдэнэс Тавантолгой” компани мэдээллээ.




Түүнчлэн, экспортын хэмжээг нэмэхээс гадна тээвэрлэлтийн хурдыг хоёр дахин ихэсгэжээ. Гашуунсухайт-Ганцмод боомтоор гэхэд энэ оны зургаадугаар сард 462 тээврийн хэрэгсэл гарч байсан бол есдүгээр сарын 22-ны байдлаар 913 тээврийн хэрэгсэл тус боомтоор гарч тээвэрлэлт өмнөх сарынхаас хоёр дахин нэмэгджээ.




Өнгөрсөн зургаадугаар сард биржээр борлуулсан нүүрсний экспорт 8 хувь, урт хугацаат уурхайн ам нөхцөлтэй гэрээний нүүрс 92 хувь байсан бол энэ сард биржийн нүүрсний экспорт 32 хувь болж өсөв. Өөрөөр хэлбэл, зургаадугаар сард биржийн экспорт 10 сая ам.долларын гүйцэтгэлтэй байсан бол наймдугаар сард 49.5 сая, есдүгээр сард 52.3 сая ам.доллар болж биржийн экспортын орлого өссөн үзүүлэлт гарсан байна.




Ийнхүү салбар дундын уялдааг сайжруулснаар нүүрсний экспорт, тээвэр, гадаад валютын хэмжээ нэмэгдэж, эдийн засгийн өсөлтийг хангахад бодитой хувь нэмэр оруулж байгааг тус компани онцолжээ. 



相关新闻