АРХАНГАЙ: Насан туршийн суралцахуйн төв 92 мянган хүнд хүрч ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-09-26 08:54:40

Эрдэнэбулган, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн иргэн бүрийг хөгжүүлж, орон нутгийнхаа хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй сургагч багш нарын нэгдэл болох аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн 10 жилийн ой энэ онд тохиож байна.


Тэд энэ хугацаанд “Эерэгийг хэвшүүлж, ирээдүйгээ гэрэлтүүлье, өөрийгөө хөгжүүлж, өөрөөрөө манлайлъя” уриалгыг дэвшүүлж, орчин цагийн техник технологиийн дэвшил, шинэ цагийн арга аргачлалаар өдөр бүр суралцаж, аливаад шинжлэх ухаанчаар хандан судалж, нэгтгэсэн сургалт, зөвлөгөөгөө аймгийнхаа иргэн бүр, хүүхэд бүрд түгээн дэлгэрүүлсэн нөр их ажлыг амжуулжээ.


Архангай аймгийн Насан туршийн суралцахуйн төв нь арван жилийн хугацаанд бүх насны иргэдийг албан, албан бус боловсрол, амьдралын орчинд суралцах, эрх тэгш боломжийг бүрдүүлэх зорилгоор цахим контент бэлтгэх, орон нутгийн иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгаа, сургалтын хэрэгцээний судалгаанд үндэслэн цахим болон танхимын сургалтууд, аян нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулах, боловсрол нөхөн олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, боловсролын салбарын бусад байгууллагатай хамтран ажиллах гэсэн үндсэн гурван чиглэлийн ажлыг тогтмол явуулж, давхардсан тоогоор нийт 92 мянган хүнд боловсролыг түгээж ажиллажээ.


Насан туршийн суралцахуйн төв нь аймгийн Шинжлэх ухаан инновацийн төвийг хариуцан ажилладаг ба өнөөдрийн байдлаар Оюун ухааны академийн Архангай салбарт 107, Эрдэм стейм төвд 65, англи хэлний Грейпсийд хөтөлбөрт 10, байгалийн ухааны лаборатори ангид 326, цахим сургалтын танхимд 105, нээлттэй танхимуудаар 3813 гээд нийт 4500 орчим хүүхэд залуус, иргэд зорин очиж суралцаж байна.


2012 онд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор Насан туршийн суралцахуйн төвийг байгуулах эрхзүйн үндэс болсон байдаг. Архангай аймагт 2015 онд албан ёсоор байгуулсан түүхтэй. 



相关新闻