Дархан аваргын 100 жилд зориулсан хүндэтгэлийн барилдаанд 256 бөх хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-11-14 16:13:19

Үндэсний бөхийн домогт дархан аварга Бадамдоригийн Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд түүний төрсөн нутгийнхан нь өргөн хүрээнд тэмдэглэж байгаа талаар өнөөдөр “Монгол ньюс” компанийн Мэдээллийн төвд мэдээллээ.

Далай даян даяар дуурсагдах дархан аварга Б.Түвдэндорж нь Түшээт хан аймгийн Ахай гүн Лувсанхайдавын хошуу буюу одоогийн Булган аймгийн Хангал сумын харьяат хүн билээ. Тэрбээр БНМАУ-ын үндэсний бөхийн ууган гавьяат мастер (1960). Хойд эцгээрээ овоглосон бөгөөд түүний эх Сэрээнэн нь зузаан биетэй, бяр ихтэй, хайнагийн шар даахтай үгүйтэй модыг ганцаараа өргөж ачдаг хүн байжээ.

Түвдэндорж 1930 онд нутгийнхаа Эргэл овооны наадамд анх зодоглон түрүүлж бөх болох гараагаа эхэлсэн түүхтэй. 1939 оны улсын наадамд Лхагва арслангаар ес даван түрүүлж, цолгүй бөхөөс арслан цол хүртжээ. Мөн 1941 онд Өлзийсайхан арслангаар ес даван түрүүлж аварга цол, 1945 онд Цэвээнравдан заанаар мөн ес даван түрүүлж даян аварга, 1946 онд Чимэд-Очир арслангаар 10 даван түрүүлж дархан аварга цол хүртжээ.

Нэгэн үеийн домогт аварга Б.Түвдэндорж нь 1952, 1953, 1954 онд түрүүлж, 1944,1951 онд үзүүрлэж, 1957, 1958 онд долоо, 1948,1956 онд зургаа, 1940, 1955,1959,1967 онд тав давсан үнэн хүчтэн билээ. Тэрбээр нохой мордох мэх хийхийг цээрлэдэг, атаа жөтөө, уур унтуунаас цэрвэж явдаг, даруу төлөв зантай хүн байсан гэдэг.

Спортын төв ордон 1958 онд орсон цагаас 20 шахам жил үндэсний бөхийн багш, дасгалжуулагчаар ажиллаж үндэсний бөхийн аварга 3, чөлөөт, самбо бөхийн дэлхийн хошой аварга 2, олимп, дэлхийн мөнгө, хүрэл медальт 10 гаруй шавь төрүүлжээ.

Булган аймгийн Хангал суманд аваргын 100 жилийн ойд зориулж хөшөө босгожээ. Мөн 10-13 хүртлэх насны хүүхдүүдийн дунд бөхийн барилдаан зохион явуулсан байна. Түүний амьдралын замналыг мөнхлөн клип хийж, "Эргэл Хайрханы домогт хүчтэн” ном хэвлэж байгаа аж. "Домогт аварга Б.Түвдэндорж” /1-5-р анги/ гар зургийн уралдаан,  “Эргэл Хайрханы домогт хүчтэн” /6-12-р анги/ эссэ бичлэгийн уралдаан, “Б.Түвдэндорж ба Үндэсний бөх” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зэрэг олон арга хэмжээ зохион байгуулна.

Энэ сарын 20-нд Дархан аварга Б.Түвдэндоржийн 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн “Хүндэтгэлийн барилдаан” болох юм.

Д.Өлзий

相关新闻