ӨВӨРХАНГАЙ: Иргэдийн хуралд аймгийн Засаг даргыг огцруулах асуудлыг орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-09-30 10:56:08

Арвайхээр, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит 9 дүгээр хуралдаан хуралдаж байна. Хуралдаанаар найман асуудал орж байгаагийн дээр Ардчилсан намын бүлгээс хүсэлт тавьсан “Аймгийн Засаг дарга О.Пүрэвдоржийг огцруулах тухай” асуудлыг хэлэлцэнэ.


Үүний үндэслэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65.65.2 заалт бөгөөд төрийн зарим удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон нь хууль зөрчсөн хэмээн үзэж байгаа юм.


Ардчилсан намын бүлгээс уг асуудлаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу зөрчил арилгах хугацаатай үүрэг даалгаврыг ирүүлсэн. Гэвч тогтоолын хэрэгжилтийг хангаагүй гэх үндэслэлээр дээрх албан хүсэлтийг аймгийн ИТХ-д тавьжээ.



Аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж үүнд хариулт өгөхдөө “Аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, Эрүүл мэнд, Байгаль орчны салбарт цаг үеийн томоохон ажлууд өрнөж байгаатай холбоотойгоор удирдлагыг чөлөөлөх асуудлыг түр хойшлуулах хүсэлт тавьсныг Төрийн албаны зөвлөл хүлээн авсан. Бид тогтоолыг хэрэгжүүлэх ёстой. 9 дүгээр сарын 25-наар тасалбар болгоод энэ гурван агентлагийн дарга нарыг ажлаас чөлөөлсөн гэдгийг хэлье” гэлээ.


Мөн Ардчилсан намын бүлгээс аймаг, орон нутгийн өмнө тулгамдсан асуудал, 2026 оны улсын төсвийн төсөлд идэвх муу оролцож байгааг шүүмжлэн хэлсэн юм.

相关新闻