БУЛГАН: Намрын ногоон өдрүүдээр 370 сая орчим төгрөгийн борлуулалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. "Намрын ногоон өдөр-үндэсний үйлдвэрлэл-2025" үзэсгэлэн худалдааг Улаанбаатар хотод 9 дүгээр сарын 22-28-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Энэ үйл ажиллагаанд Булган аймгийн 11 сумын 5 аж ахуйн нэгж, 36 иргэн оролцлоо. Нийт 370 сая орчим төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Зөгийн бал түүний дагалдах бүтээгдэхүүн болон айраг, ноос, ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн, эмийн ургамал, ааруул цагаан идээгээр оролцож аймаг, орон нутгаа сурталчиллаа.
Сайхан, Баян-Агт, Могод, Хишиг-Өндөр сумын айраг, Булган, Сэлэнгэ, Хангал, Хялганат Хутаг-Өндөр сумын болон Хантайн зөгийн бал, Тэшигийн зөөхий, Баян-Агтын нэрмэл зэрэг тэргүүтэй 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцсон байна.
Энэ жил бүтээгдэхүүний нэр тоо олширсноос гадна савлагаа үзэмжтэй, жин иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцтэй болсон байлаа. Мөн "Зөгийн балны амталгаа миний музей"-н үйлчилгээгээр үзэсгэлэнд оролцсон нь иргэд, хүүхдүүдэд мэдлэг мэдээлэл хүргэсэн онцлог ажил болсон байна.
Намрын ногоон өдрүүд үйл ажиллагаанд оролцсоноор борлуулалт нэмэгдэхээс гадна харилцан туршлага судлах, хамтран бүтээх олон давуу талууд байгаа учир цаашид оролцоо улам нэмэгдэх хандлагатай байна.