ӨВӨРХАНГАЙ: Гүүний саамд 100 гаруй төрлийн эрдэс минерал байдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны аравдугаар
сарын 2 /МОНЦАМЭ/. Гүүний
саамыг монголчууд эрт дээр үеэс эмчилгээ, сувилгааны зориулалтаар хэрэглэж
иржээ.
Гүүний саам нь найрлагадаа уураг, өөх тос, нүүрс ус (лактоз), амин хүчлүүд, макро, микро элементүүд, витаминууд, ферментүүдийг агуулдаг учир хүний биед маш сайн эмчилгээ болдог биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм.
Ангаах ухааны доктор, профессор С.Бадамжав багш шавь нарын хамт “Гүүний саам ба түүний эмчилгээний ач холбогдол” сэдвээр таван жил судалгаа хийж, шинжлэх ухааны онолын үндэслэлүүдийг нь гарган 2001 онд эрдмийн зэрэг хамгаалж байв. Тэрбээр “Саамд 100 гаруй төрлийн эрдэс минерал бий. Тиймээс цусан дахь холестерины солилцоог зохицуулах, элэгний эсийн ханыг бэхжүүлэх, хордлого тайлах, дархлааг дэмжих, ялангуяа элэгний архаг өвчний үед эмчилгээний журмаар хэрэглэх нь ашиг тустай” хэмээн баталжээ.
Гүүний
саамыг биед уураг (альбумин) нөхөх, витамин, эрдэс сэлбэх учир архаг өвчнүүд,
хоол боловсруулах эрхтний эмгэгүүдийн үед өргөн хэрэглэнэ. Гүүний саамны найрлага нь саасны дараах эхний 15
минутад хэвээрээ байх ба 15 минутаас хойш бага багаар өөрчлөгддөг нь
тогтоогдсон.
Саамыг 50 граммаас эхэлж, өдөрт дунджаар зургаан удаа ууна. Хоёр хоног уухад сөрөг нөлөөгүй бол дахиад 50 граммаар нэмэгдүүлэх байдлаар 250 грамм хүргээд тэр хэмжээгээр өдөрт дунджаар зургаан удаа ууна. Багадаа 14 хоног уух ба 21 хоног хүргэвэл бүр сайн, нэг сарын завсарлагаатайгаар жилд гурваас дээш удаа ууж болно гэдгийг эрдэмтдийн судалгаанд тулгуурлан тогтоожээ.
Саам хэрэглэгч Б.Ганбат:
- Монголчууд жилийн дөрвөн улиралд хүнсэндээ мах голдуу хэрэглэдэг. Тийм учраас зуны улиралд таван цул буюу дотор эрхтнээ амраах, эмчлэх зорилгоор гүүний саам уудаг. Миний хувьд зуны амралтаараа 14 хоног саам уудаг. Эмч нарын зөвлөснөөр эхэлж багаар уугаад хэмжээг нэмсэн. Эргээд ихээс багасгах байдлаар өдөрт гурван удаа 500 граммын аягаар уулаа. Эхний хоёр өдөр гүйлгэсэн. Дараа нь гүйлгэхээ больж, арьс цайраад бие хөнгөрөөд сайхан болж байна. Уушги муу хүүхэд саам уугаад эв эрүүл болсон байна. Саамны ашиг тус их, маш сайн эмчилгээ болдог.
Саам хэрэглэгч П.Нарангэрэл:
- Цагаан гүүний саамыг сүүлийн гурван жил ууж байна. Элэгний В вирустэй байсан, энэ жил эмчид үзүүлэхэд байхгүй болсон байна лээ. Цагаан гүүг саагаад халуунаар нь уудаг. Долоо хоног уугаад 14 хоног амраад дахиж долоо хоног уудаг. Зун гүүний саам уух гэж хотоос хүмүүс их ирнэ. Ер нь нэг уугаад сурчихсан хүн дараа жил дахиж уух гэж ирдэг. Биед нь сайнаар нөлөөлсөн болоод л ирдэг байх.