Афганистанд интернэт сүлжээг сэргээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-10-02 12:24:00

КАБУЛ, 2025 оны аравдугаар сарын 2 /Reuters/. Талибан”-ы засаг захиргааны тушаалаар холболтыг гэнэт тасалсан гэж дипломат болон салбарын эх сурвалжууд мэдээлснээс хойш 48 цагийн дараа Афганистанд гар утас, интернэтийн сүлжээг лхагва гарагт сэргээжээ.


Үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч гадаадын хамгийн том компаниуд болох Roshan”, Etisalat-ын гар утасны сүлжээ үдээс хойш сэргэсэн гэж Кабул болон бусад хотын оршин суугчид мэдээлжээ. Мөн интернэт холболт сэргэсэн гэдгийг үйлчилгээ үзүүлж буй компаниуд мэдэгдсэн байна.


“Талибан”-ы төлөөлөгч хэлэхдээ, техникийн шалтгаанаар доголдол үүссэн бөгөөд үйлчилгээнүүдийг хурдан сэргээнэ гэжээ. Талибууд холболтыг салгах тушаал өгсөн эсэх талаар тайлбар хүсэхэд тэрбээр хариу өгөөгүй байна.


НҮБ-ын зүгээс холболтыг сэргээхийг уриалсан юм.


Өмнө нь талибууд цахим орчинд садар самууныг сурталчлах асуудалд санаа зовниж байгаагаа илэрхийлж байсан бөгөөд эрх баригчид сүүлийн долоо хоногуудад зарим мужид шилэн кабелийн холболтыг тасалж, үүнийг ёс суртахууны асуудалтай холбоотой гэж тайлбарлаж байжээ.


Өмнөд нутгийн Кандагар хотод байрладаг талибуудын консерватив удирдлага нийслэл Кабул дахь харьцангуй нээлттэй үзэл бодолтой зарим сайдтай тэмцэлдэж, үзэл бодлоо хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор хэд хэдэн хатуу чанга хатуу арга хэмжээ авсны дараа сүлжээ тасарсан байна.  


Интернэт холболт тасарсан нь эмх замбараагүй байдал үүсгэж, мөнгөн гуйвуулга, хөрш орнуудтай хийх худалдаанд нөлөөлж, банкуудын үйл ажиллагааг доголдуулснаас гадна, нислэг зогссоны улмаас олон афганчууд гацжээ.


Талибууд өсвөр насны охид, эмэгтэйчүүдийг ахлах сургууль, их дээд сургуульд суралцахыг хориглосныхоо дараа тэдний боловсрол эзэмших эцсийн найдвар болсон цахим сургалтыг мөн зогсоосон байна.

相关新闻