Болливудын жүжигчин Хан тэрбумтнуудын эгнээнд нэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2025-10-02 17:21:21

ШИНЭ ДЕЛИ, 2025 оны аравдугаар сарын 2 /BBC/. Болливудын супер од Шах Рух Хан тэрбумтнуудын эгнээнд анх удаа нэгдэж, дэлхийн хамгийн баян жүжигчдийн нэг болсныг шинэ жагсаалт харуулжээ. 


Энэтхэгийн хамгийн баян чинээлэг хүмүүсийг жил бүр тодруулдаг Hurun India Rich List 2025” жагсаалтад бичигдсэнээр, өдгөө 59 настай жүжигчний хөрөнгө 1.4 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.


Ингэснээр тэрбээр Арнольд Шварценеггер, поп од Рианна, гольфчин Тайгер Вудс, Forbes сэтгүүлээс хөрөнгийнх нь хэмжээг 1.6 тэрбум ам.доллароор үнэлдэг дуучин Тейлор Свифт зэрэг дэлхийн алдартнуудын эгнээнд нэгджээ. 


Болливудын романсын хаан гэгддэг Ш.Хан Энэтхэгийн кино урлагт гуч гаруй жилийн турш зүтгэж байгаа бөгөөд жүжигчнээс эхлээд томоохон продакшнийг удирдаж, крикетийн багийг эзэмших хүртлээ өсөж дэвшсэн байна. 


Hurun India судалгааны төвийн үүсгэн байгуулагч, ахлах судлаач Анас Рахман Жунайд BBC телевизэд мэдээлэхдээ, Ш.Хан тэрбумтан болоход түүний Red Chillies Entertainmentпродакшн болон өөрийнх нь эзэмшдэг Knight Rider Sportsкрикет клуб голлон нөлөөлсөн гэлээ. Түүний орлогын бусад эх үүсвэрт киноны орлого, сурталчилгаа, дэлхий даяарх үл хөдлөх хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт зэрэг багтаж байна.


Ш.Хан тэрбумтнуудын жагсаалтад орсон нь Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч өөрчлөгдөж буйн илрэл юм гэж А.Жунайд онцолсон байна. Энэтхэгийн эдийн засаг төлөвшиж, баялаг бүтээх дараагийн үе шат руугаа шилжихийн хэрээр үйлдвэрлэл, мэдээллийн технологи, банк санхүү зэрэг уламжлалт салбараас өөр үнэ цэнтэй шинэ салбарууд гарч ирж байгааг бид харж байна. Спорт, зугаа цэнгэл, оюуны өмчид суурилсан бизнесүүд одоо Энэтхэгт баялаг бүтээх томоохон хөдөлгүүрүүд болж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.


Hurun India”-гийн мэдээлснээр, Энэтхэгийн нийт тэрбумтны тоо энэ онд 350-аас давсан бөгөөд тэрбумтан Мукеш Амбани, Гаутам Адани нар эхний хоёр байраа хадгалсан байна.

相关新闻