Физикийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2025-10-07 18:32:42

СТОКХОЛМ, 2025 оны аравдугаар сарын 7 /BBC/. Их Британийн эрдэмтэн Жон Кларк, Америкийн эрдэмтэн Жон М.Мартинис, Францын эрдэмтэн Мишель Х.Деворе нар нүдэнд үл үзэгдэх квант механикийн хонгил болон цахилгаан хэлхээн дэх энергийн квантчиллыг нээснийнхээ төлөө энэ оны физикийн салбарын Нобелийн шагналыг хүртэхээр боллоо.


Стокхолм дахь Каролины хүрээлэнгийн Нобелийн хорооноос мэдээлснээр, физикийн гол асуудлуудын нэг бол квант механикийн эффектүүд илэрч болох системийн хамгийн том хэмжээ юм. Энэ оны Нобелийн шагналтнууд цахилгаан хэлхээний туршилтуудыг гүйцэтгэж, квант механикийн хонгилын үйлчлэлийг төдийгүй системийн энергийн квантчлагдсан түвшнүүдийг гараар барьж болохуйц хэмжээний системд хэрхэн илэрч байгааг харуулсан гэжээ. 


Өнгөрсөн онд физикийн салбарын шагналыг Америкийн эрдэмтэн Жон Хопфилд, Британи гаралтай Канадын эрдэмтэн Жефри Хинтон нар мэдрэлийн сүлжээнүүдийн машин сургалтын талаарх суурь нээлтийг хийж, шинэ бүтээл туурвисныхаа төлөө хүртсэн билээ. 


1901 онд Нобелийн шагналыг олгож эхэлснээс хойш физикийн салбарын шагналыг 118 удаа олгосон бөгөөд энэхүү нэр хүндтэй шагналыг 225 хүн хүртжээ. 


Хамгийн залуу шагналтан нь 1915 онд 25 насандаа уг шагналыг хүртсэн Лоренс Брагг бол хамгийн ахмад нь 2018 оны шагналтан Артур Эшкин юм. Тэрбээр 96 насандаа энэхүү шагналыг хүртсэн байна. 

相关新闻