ДОРНОД: Дулааны шугамын өргөтгөл 95 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-10-10 16:11:17

Чойбалсан, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 13.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Чойбалсан хотын дулааны шугамыг өргөтгөж байна.

Энд онд хийхээр төлөвлөсөн буюу үндсэн, салаа шугамуудыг шинэчлэн холбох ажил 95 хувьтай үргэлжилж байгаа юм. Хүйтрэхээс өмнө худгийн тагнууд, шат тавцанг хийж дуусгахаар ажиллаж байна.

ДБЭХС ТӨХК-иас баруун тийш Онцгой байдлын газар хүртэлх 400 мм голчтой хос шугамыг 800 мм голчтой болгож ийнхүү шинэчилснээр айл өрх, ААНБ-ын халаалт хэвийн түвшинд байх, өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах, шинээр хотхон хороолол байгуулахад шаардлагатай дулаан хангамж нэмэгдэж байгаа юм.

Харин ирэх онд ОБГ-аас 6 давхар орон сууцны барилга хүртэлх дулааны шугамыг өргөтгөхөөр төлөвлөж байна.

Дээрх бүтээн байгуулалтыг хийж дууснээр Чойбалсан хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан шинэ суурьшлын бүс буюу 1800 айлын орон сууцны хороолол руу татах дулаан дамжуулах шугам сүлжээг шийдэх боломж бүрдэнэ. 

相关新闻