MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Монголд 20 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төслийн үр дүн, түүхэн баримтаа хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-14 11:40:30

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монголд 20 жил үйл ажиллагаа явуулсан Каритас Чех Репаблик олон улсын төрийн бус байгууллага 20 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төслийн үр дүн бүхий 503 нэгж цаасан болон 1350 дижитал баримтыг Үндэсний төв архивт хүлээлгэн өглөө.


Чех улсын Прага хотод төвтэй тус байгууллага Европын орнууд дахь 300 гаруй салбар болон дэлхийн долоон орны  төлөөлөгчийн газруудаар дамжуулан хүмүүнлэгийн тусламж болон хөгжлийн дэмжлэг үзүүлж ажилладаг. Энэхүү байгууллага өнгөрсөн 20 жилийн хугацаанд боловсрол, хүний эрх, нийгэм хамгаалал, хүмүүнлэгийн тусламж, хөдөө аж ахуй, байгаль орчин, ногоон эдийн засаг зэрэг олон салбарт 21 төслийг хэрэгжүүлжээ.


Каритас Чех Репаблик ОУТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Ж.Дэжидмаа ярихдаа, “Сүүлийн жилүүдэд бид байгаль орчин, цаг уурын өөрчлөлтийг даван туулах чиглэлээр Европын холбооны санхүүжилттэй “Хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл болон “Эдийн засгийн ногоон шилжилт” зэрэг төслийг хэрэгжүүллээ. Монгол Улс анх удаа хуванцар дахин боловсруулах чиглэлээр үндэсний стандарттай болж, орон нутагт хог хаягдлаа зохицуулах жишиг төвийг Булган аймгийн Хишиг-Өндөр суманд байгуулсан. Мөн Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Дорнод, Увс аймагт 1000 гаруй бизнес эрхлэгчийг ногоон үйлдвэрлэлийн чиглэлээр чадавхжуулж, олон нийтийн зан төлөвт өөрчлөлт оруулах томоохон кампанит ажлыг зохион байгууллаа” гэв.


Үндэсний төв архивын Улс төрийн нам, олон нийтийн байгууллагын баримтын архивын эрхлэгч С.Шижирбаатар хэлэхдээ, “Каритас Чех Репаблик байгууллага бол манай улсын хөгжилд олон салбарт бодит хувь нэмэр оруулсан олон улсын байгууллага юм. Тиймээс Архивын албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 28.8-д заасны дагуу тус байгууллага 180 дугаартай хөмрөг үүсгэн баримтуудаа хадгалуулсан. Иргэд, судлаачид эдгээр төслийн хүрээнд боловсруулсан судалгаа, тайлан зэрэг мэдээллийг Үндэсний төв архивт албан ёсоор хүсэлт гарган авч ашиглах боломжтой” хэмээв.


Монгол Улсад 2006 онд анхны нийгэм хамгааллын төслөө хэрэгжүүлснээр үйл ажиллагаагаа эхэлж, 2008 онд албан ёсны төлөөлөгчийн газраа байгуулсан Каритас Чех Репаблик байгууллага Монгол Улс дахь үйл ажиллагаагаа албан ёсоор зогсоож байгаа ажээ. 





相关新闻