ЗАВХАН: Өвлөн уламжлагчдаа алдаршуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-17 16:06:09

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас соёл түгээх аяны хүрээнд аймгийнхаа соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг олон нийтэд сурталчлан таниулж байна.


Өнөөдөр соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц батлагдсан өдөр.

2003 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Юнескогоос соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийг баталсан юм. Энэ өдрийг Соёлын биет бус өвийн олон улсын өдөр болгон тэмдэглэж эхэлсэн.


Энэ өдөр соёлын биет бус өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, биет бус өвийг өвлөн уламжлагчдыг алдаршуулахыг гол зорилгоо болгодог. Соёл түгээх аян аймгийн соёлын байгууллагууд дунд идэвхтэй өрнөж байна. Тиймээс аяны хүрээнд манай байгууллагаас аймгийнхаа шилдэг өвлөн уламжлагчдыг олон нийтэд цувралаар таниулж, сурталчилж эхэлсэн юм.


Завхан аймаг 600 орчим өвлөн уламжлагчтай юм. Үүний нэг нь ардын язгуур урлагийн төрөл Сартуул ардын уртын дууг нутгийн онцлогоор нь дуулж өвлөн уламжлуулж буй Сонгино сумын өвлөн уламжлагч Ж.Цэрэнпүрэв юм. Тэрээр 2014 онд ардын авьяастан цолыг хүртсэн төдийгүй соёлын тэргүүний ажилтан цолтой уртын дуучин юм. Өөрийнхөө ээжээс өвлөн уламжилсан монгол ардын уртын дууг өөрийн үр хүүхдүүд, нутгийнхаа хүүхэд залуучуудад зааж сургаж байна.

Түүний дуулах дуртай дууны нэг нь монгол ардын уртын дуу "Зээргэнтийн шил" юм. Энэ дуу нь 13-14-р зуунаас уламжлан ирсэн эр  хоёр загалын тууж хэмээх зохиолтой холбоотой монгол ардын айзам уртын дуу юм. 1918 онд монголын автономит засгийн гадаад явдлын яамнаас Чингисийн хоёр эр загалын тууж оршвой гэдэг нэрээр эрхлэн гаргажээ. 1923, 1937 онуудад дунд сургуулийн унших бичгүүдэд хэвлэгдэж байжээ. 1956 онд академич Ц.Дамдинсүрэн кирилл буюу шинэ үсгээр тусгай товхимол болгон хэвлүүлжээ.


Зээргэнтийн шил дуу нь суман буюу жирийн уртын дуу юм. Цар хүрээ нэлээн өргөнтэй, уран гоё нугалаа, цохилоготой, дан шуранхайтай, ихэнхдээ шуранхайгүй, чөлөөт зохиомжтой, уужим тавиун аялгуу бүхий дууг суман бую жирийн уртын дуу гэдэг. Шинэ төрсөн хүүхэд ой хүрэх, даахь үргээх, шинэ гэр барих, хурим хийх, насны ой тэмдэглэх, засал дом хийх, даллага хуурайлга авах, цагаан сар зэрэг жирийн иргэний болон нийтийн баяр ёслол дээр уртын дуугаар мялаан эхлүүлж жирийн уртын дууг дуулуулдаг. Суман уртын дуу нь сэдвийн хувьд маш өргөн, хорвоо ертөнцийн өөрчлөлт, хүн байгаль, амьтан, хүний харьцаа холбоо, өдөр тутмын жирийн амьдралын тухай бүхий л талыг хамарсан, олонхоороо дуулж болох тул бусад төрлөөс илүү хадгалагдан үлджээ. Суман уртын дуунууд гэвэл “Эрдэнэ засгийн унага”,  “Эр бор харцага” юм.


Уртын дууны түрлэг нь ард түмний амьдрал дундаас урган гарсан утга агуулгатай байхаас гадна үгийг нь зохиогч, аяыг нь бичигч гэж байдаггүйгээрээ онцлогтой.  Олон зуун жилийг даван туулж өнөөг хүртэл дуулагдсаар ирсэн учраас “уртын дуу” гэж нэрлэсэн байдаг. Харин олон улсын тайлбар тольд “Монголын уламжлалт хөгжмийн урлагийн үндсэн элемент бүрэлдэхүүн” хэмээн тодорхойлж, дууны хэмжээ уртаас бус, шүлгийн үгийн үе бүрийг нугалаа айзам гарган сунжруулж, уртаар шуранхайлан дуулдаг онцлогоос нь үүдэн ийнхүү нэрийддэг тухай судлаачид олонтаа өгүүлсэн байдаг юм.


Энэ онцлогоос шалтгаалан зарим тохиолдолд дөрвөн минут үргэлжлэх дуу арав орчим үгтэй байх нь ч бий. Эдгээр амнаас ам дамжин өвлөгдсөн уртын дууныхаа түүх домгийг өвлөн уламжлагчид маань залуу хойч үедээ өвлүүлж байгаа нь сайшаалтай юм. Монгол ардын уртын дууны үг нь тэр чигээрээ гүн ухаан байдаг. Жишээлбэл "Зээргэнтийн шил" дууны буриад хувилбар нь: "Эр хоёр загал" буюу "Зээргэнэтийн шил" хэмээх халх хувилбарт байх хоёр загалын тухай дуулах бус, харин хоёр загалыг зээр, буга хэмээн андуу харваж шархдуулсан газар нутгийн байршлыг тодруулан гаргаж байгаагаараа онцлогтой юм хэмээн судлаачид өгүүлсэн байдаг.


Энэ мэтчлэн бид үргэлжлүүлэн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдынхаа тухай олон нийтэд ялангуяа хүүхэд залуучуудад таниулах, сурталчлах ажлыг хийнэ хэмээн Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэрэндулам мэдээлэв. 

Сартуул ардын уртын дууг нутгийн онцлогоор нь дуулж өвлөн уламжлуулж буй

Сонгино сумын өвлөн уламжлагч Ж.Цэрэнпүрэв


相关新闻