“Шинэ үзмэрийн дээжис” үзэсгэлэнд 150 гаруй бүтээлийг дэлгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
erdenebat@montsame.mn
2025-10-20 13:16:03

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын энхийг сахиулагчид Серра Леонед НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгээд 2011 онд ирсэн. Энэхүү үйл явдалд зориулан “Чингисийн баатрууд ирлээ” сэдэвт монгол марк гаргажээ.


Энэхүү маркийг "Чингис хаан" үндэсний музейн “Шинэ үзмэрийн дээжис” түр үзэсгэлэнд дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэнд дээрх маркаас гадна 1962 он Чингис хааны 800 жилийн ойд зориулан гаргасан Чингис хаан тусгай марк, XVIII-XIX зууны “Болор толь” эх хувираа, “Чингис хааны түүх” хэмээх түүхийн эх сурвалж Франц улсад 1677 онд бичигдсэн ном,  Ардын зураач Л.Амгалангийн 1990 онд зурсан “Хар зүрхний хөх нуур” уран зураг зэрэг 150 гаруй үзмэр, бүтээлийг дэлгэжээ.  


"Чингис хаан" үндэсний музейн баяжилтад 2022 оноос өнөөдрийг хүртэл шилжин ирж, сан хөмрөгт хадгалагдаж байгаа урьд нь олны хүртээл болоогүй шилдэг бүтээлүүдээс уг үзэсгэлэн бүрдэж байна.


Түүх, соёлын өвийг олон нийтэд нээлттэй сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор тус музейд худалдаж авсан болон хандиваар хүлээн авсан үзмэрүүдээр дэлгэж буй энэхүү үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл олны хүртээл болно.





















相关新闻