Б.Будаевын нэрэмжит тэмцээнд Монголын 39 бөх оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо энэ сарын 19-20-нд насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн аварга, Европын болон Азийн аварга, ДЦАШТ-ий аварга, ЗХУ-ын болон ОХУ-ын 4 удаагийн аварга, ахмадын дэлхийн аварга, ЗХУ-ын гавьяат тамирчин Б.Будаевын нэрэмжит чөлөөт бөхийн залуучуудын ХХIҮ олон улсын тэмцээн болно.
Тус тэмцээнд 23 хүртэлх насны залуучууд 52, 57, 61, 65, 70, 74, 86, 97 кг-д шилдэгээ тодруулахаар өрсөлдөнө. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас “Харгант-Цамхаг” клубын дасгалжуулагч Ж.Дандарын 5, “Арслан” клубын дасгалжуулагч Б.Энхтүвшингийн 8, “Аварга” БТДС-ийн дасгалжуулагч Л.Урианхайн 8, “Дархан-Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч Г.Амархүүгийн 12, БТСДуС-ийн багш Пүрэвбаатарын 6 нийт 39 залуу бөх барилдах юм. Олон улсын шүүгч Г.Амархүү шүүгчээр оролцоно.
Өнгөрсөн жилийн тэмцээнээс 57 кг-д З.Занабазар, 96 кг-д Ө.Батзул нар мөнгө, 57 кг-д А.Мөнх-Эрдэнэ, 66 кг-д А.Мөнх-Эрдэнэ, 70 кг-д Б.Батсүх, 74 кг-д Б.Бямбадорж нар хүрэл медаль авч байлаа.
Д.Өлзий