“Канад дахь монгол судлал: хил хязгааргүй тал нутгийн яриа хэлцээ” форум болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-10-27 15:46:59

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамнаас “Канад дахь монгол судлал: хил хязгааргүй тал нутгийн яриа хэлцээ” форумыг Оттава хотноо энэ сарын 23-нд зохион байгуулав.

 

Энэ удаагийн форумыг Канад Улсад монгол судлалыг үндэслэгчдийн нэг профессор Вэйн Шлеппт зориулав. Форумын нэгдүгээр хэсэг болох “Геополитикийн шинэ орчин дахь Монгол Улс” сэдэвт хуралдаанд Монгол Улсын Стратеги судлалын хүрээлэнгийн захирал Ж.Мэндээ уригдан оролцож, “Геополитикийн шинэ орчин дахь Монгол Улс” сэдвээр илтгэл тавьсан бол канадын талаас геополитикийн судалгааны “Пендулум” хүрээлэнгийн захирал Жонатан Миллер “Өөрчлөгдөж буй геополитикийн нөхцөлд Канад, Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжууд” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

 

Форумын хоёрдугаар хэсэг болох “Монгол судлал: хойч үедээ залгамжлуулах нь” сэдэвт хуралдаанд профессор Вэйн Шлеппын хамтран зүтгэгч, Торонтогийн их сургууль дахь Төв, Өвөр Азийн семинарыг хамтран үүсгэн байгуулсан профессор Майкл Жервэрс “Профессор Вэйн Шлепп ба Канад дахь монгол судлалд түүний оруулсан хувь нэмэр” сэдэвт үндсэн илтгэлийг тавив. Мөн Торонтогийн их сургуулийн профессор Самуэл Басс “Китад хэмээх монгол үг: Хамаарал ба ястны үзэл хоорондын огтлолцол”, мөн сургуулийн профессор Лиса Яанз “Чулуун зэвсгийн үеийн археологи: Хүн-амьтан хоорондын харилцаа ба Говь-тал нутгийн шинэ чулуун зэвсгийн үеийн судлал”, Лавалын их сургуулийн докторант Сара Комбреде “Орчин цагийн Монгол дахь байгаль ба хүний харилцан төлөвшил: соёлын газар зүйн талаас авч үзэх нь” сэдэвт илтгэлийг тус тус тавив.

 

Тус форум нь түүх, хэл, соёл, угсаатан судлал, археологи зэрэг монгол судлалын уламжлалт чиглэл төдийгүй геополититикийн өнөөгийн нөхцөл дэх Монгол Улсын гадаад бодлого, Монгол, Канадын харилцааг хөгжүүлэх боломжуудын талаар хэлэлцсэнээрээ ач холбогдолтой болов. Цаашид Канад дахь монгол судлалын хурлыг тогтмол зохион байгуулж, монгол судлаачдын хэлхээ холбоог дэмжих талд оролцогчид санал нэгдэв.

相关新闻