Бундестаг дахь парламентын бүлгийн дэд дарга Тобиас Винклертэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-28 09:12:28

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Н.Алтаншагай, тус бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, О.Саранчулуун нар энэ сарын 27-нд ХБНГУ-ын Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дэд дарга, ноён Тобиас Винклертэй уулзлаа.


Монгол Улсад ардчилал, хүний эрх, парламентат ёсыг бэхжүүлэхэд ХБНГУ ихээхэн туслалцаа үзүүлснийг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай уулзалтын эхэнд онцолж, Европ дахь Монгол Улсын анхны гуравдагч хөрш гэж болох тус улсын парламент болон УИХ-ын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж ирснийг дурдав. Бундестагийн Өргөдлийн байнгын хороо 1940-өөд оноос идэвхтэй ажиллаж байгаа хамгийн чухал байнгын хороодын нэг тул УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, гишүүд сар гаруйн өмнө зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан тухай тэрбээр танилцуулав.


Тус айлчлалын бүрэлдэхүүнд ажилласан УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат Бундестагийн Өргөдлийн байнгын хороо ихээхэн үр нөлөөтэй ажиллаж байсныг ярьж, Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл болж УИХ-д сонгогдсон гишүүний хувьд суралцах зүйл их байсныг тэмдэглэлээ. УИХ-ын гишүүн О.Саранчулуун ХБНГУ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог хэрхэн дэмжиж, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд яаж хүргэж ажилладгийг сонирхон судалж байснаа сонирхуулж, энэ талаар цаашид туршлага солилцож, хамтран ажиллахад баяртай байх болно гэв.


Ноён Тобиас Винклер Герман-Төв Азийн парламентын бүлгийн талаар товч танилцуулж, бүлгийн эрхлэх асуудалд нийт зургаан улс хамаардаг бөгөөд Монгол Улс онцгой байр эзэлж буйг илэрхийлэв. Тэрбээр УИХ-ын шинэчлэлт, өөрчлөлтийн талаар сонирхон асууж, 126 гишүүнтэй болж өргөжсөнөөр нийгэм, хүн амын бүхий л бүлэг, хэсгийн төлөөлөл, мөн залуу гишүүд сонгогдон ажиллаж байгааг олзуурхаж байгаагаа дурдан, парламентын төлөөллийн чадавхыг хангах Бундестагийн сонгуулийн туршлага, энэ талаарх тус улсын хууль, эрх зүйн зохицуулалтын тухай товч танилцууллаа.


Монгол-Германы парламентын бүлгийн дарга Н.Алтаншагай Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга Кристиан Гөркэд тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урьснаа дахин нотолж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлнэ гэдэгт илтгэлтэй байна гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

相关新闻