Плутонийг устгах тухай Орос, Америкийн гэрээг хүчингүй болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-10-28 12:29:26

МОСКВА, 2025 оны аравдугаар сарын 28 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин плутонийг устгах тухай АНУ-тай байгуулсан гэрээг хүчингүй болгожээ. Холбогдох зарлигийг хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд даваа гарагт нийтэлсэн байна. 


Уг гэрээний дагуу хоёр улс батлан хамгаалах зориулалтаар ашиглах шаардлагагүй 34 тонн плутонийг тус бүр устгах ёстой байв. Гэрээг хүчингүй болгох тухай хуулийг ОХУ-ын Төрийн Дум энэ сарын 8-нд, Холбооны Зөвлөл 22-нд баталсан байна. Энэхүү гэрээний хамт хэрэгжиж байсан бүх протокол мөн хүчингүй болжээ. 


Плутонийг устгах тухай гэрээг ОХУ, АНУ-ын засгийн газруудын хооронд 2000 онд байгуулж, ОХУ 2011 онд соёрхон баталжээ. Уг бодисыг атомын цахилгаан станцуудад ашиглах түлш болгон дахин боловсруулж ашиглах ажлыг 2018 онд эхлүүлэхээр төлөвлөж байсан боловч Оросын тал 2016 онд гэрээний хэрэгжилтийг түр зогсоож, АНУ-ыг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж буруутгажээ. Үүний шалтгаан нь АНУ-ын эрх баригчид плутонийн хаягдлыг АЦС-ын түлшний бүрэлдэхүүнд ашиглахын оронд булшилж хадгалах шийдвэр гаргасан явдал байсан юм.


Кремль мөн гаргасан шийдвэрээ тайлбарлахдаа “ОХУ руу чиглэсэн АНУ-ын найрсаг бус үйл ажиллагааны улмаас стратегийн тогтвортой байдалд аюул үүссэн” гэж мэдэгджээ. Тухайн үед Оросын тал АНУ-аас хориг арга хэмжээгээ цуцлах, үүнээс учирсан хохирлыг барагдуулах, мөн 2000 оны есдүгээр сарын 1-нээс хойш НАТО-д элссэн орнуудад цэргийн оролцоогоо багасгахыг шаардсан байна.


Зэвсгийн плутонийг цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашигладаг ажээ. 



相关新闻