ДАРХАН-УУЛ: Амьтдын байршил, тархац нутгийг тогтоох зорилгоор автомат хяналтын камер байрлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-10-28 16:52:48

Дархан, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Зэрлэг амьтдын байршил, тархац нутгийг тогтоох зорилгоор аймгийн байгаль орчны газраас хоёр жилийн өмнөөс эхлэн автомат хяналтын камерыг тодорхой цэгүүдэд байрлуулжээ. Ингэснээр амьтан ажиглалт, мониторингийн судалгаа хийх, тогтмол хяналт тавих боломжтой болжээ.


Камер нь  -50  болон + 50 градусын халуунд ажиллах тэсвэртэй.




Хяналт, судалгаа хийх зориулалтаар уг автомат камерыг байрлуулснаар олон удаагийн давтамжтай зураг бичлэг татан авах, алслагдсан газруудад очих шатахуун зарцуулалтыг хэмнэх, зэрлэг амьтдын сүргийн бүтэц, шилжилт хөдөлгөөнийг хянах, мэдээллийн бодит сан бүрдүүлэх, судалгаанд зарцуулах цаг хугацаа, түүнд зориулсан төсвийг хэмнэж байна гэж аймгийн байгаль орчны газрын мэргэжилтэн М.Баярмаа онцолж байна.


Цаашид хяналтын камерын тоог нэмэгдүүлэхээр орон нутгийн удирдлагуудад хүсэлт тавьсан байна. Чанар, үзүүлэлтээсээ шалтгаалан 1.500.000 төгрөгөөс дээш үнэлгээтэй байдаг байна. Байгаль орчны байцаагчдын ажлыг хөнгөвчлөх боломжтой болсон гэдгийг ч тодотгож байна.




Мөн байгаль орчны эсрэг үйлдэгдэж буй хууль бус үйл ажиллагаа, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх боломжтой.


Одоогийн ашиглаж буй камер нь зураг, бичлэгийг чанарын өндөр түвшинд илгээдэг. Цаашид камерын тоог нэмэгдүүлэхэд орон нутгийн төсөвт суулгах, судалгаанд ашиглагдаж буй дүрс, бичлэгийг ашиглан төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой гэдгийг ч онцолж байлаа.




Тус аймгийн хувьд биологийн олон янз байдлын нэн ховор амьтны чиглэлээр тодорхой бус тойм судалгаа бий. Энэхүү камерын тусламжтайгаар нарийвчилсан судалгаа хийх, Улаан номд орсон амьтан, ховордож байгаа, устаж болзошгүй, нууцлаг амьдралтай ан амьтдыг илрүүлэх боломж бүрдэж байна гэж аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн М.Баярмаа ярилаа.

 

 

相关新闻