Ч.Энхцэцэг: Үндэсний бичиг маань мэдлэг, гоо зүй, ёс заншил, соёл зэрэг салаа мөчир болон судлагддаг шидтэй бичиг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Доктор, профессор Ш.Лувсанванданы нэрэмжит Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын "Сайн оюут" сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш /тэргүүлэх зэрэгтэй/, БТА Чулуунбаатарын Энхцэцэгтэй эх хэл соёл, үндэсний бичгийн сургалт болон хэрэглээтэй холбоотой сэдвээр ярилцлаа.
-Үндэсний бичгээ хэрхэн сурч эзэмшиж байсан дурсамжаас ярилцлагаа эхэлье.
-Миний уугуул нутаг Хэнтий аймгийн Баян-Овоо сум. Бага боловсролоо сумандаа эзэмшээд дунд ангиасаа Улаанбаатар хот руу шилжин суралцсан. 5 дугаар ангид үндэсний бичгийн хичээлийг Н.Намжиндорж багшаараа заалгаж, суурь мэдлэгээ сайн тавьсан гэж бодож явдаг. Улаанбаатар хот руу шилжин суралцахдаа монгол хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангид орсон маань үндэсний бичиг үсгээ шимтэн суралцах боломж үүдийг нээсэн гэж боддог.
-Мэргэжлээ хэрхэн сонгож байв?
-Бага байхдаа эмч юм уу багш болно гэж их боддог байсан. Дүү нараа эмээгийнхээ амбаарт оруулж суулгаад л үсэг зааж багшилдаг байсан, сургуульд ороход нь уншуулж, бичүүлж сургачихсан байдаг байлаа. Аав сонирхлыг маань мэдэрсэн үү, дүү нартаа зааж сургаж байгааг урамшуулсан уу, нэг өдөр надад жижигхээн бор самбар хийж өгч байсан нь утга учиртай гоё бэлэг байж билээ. Тэр бүхэн багш мэргэжил сонгоход их нөлөөлсөн байх гэж боддог шүү.
2004 онд Улаанбаатар хотын 44 дүгээр сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшээд, элсэлтийн шалгалтаар МУБИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн ангийн долоон хуваариас хоёр дахийг нь авч, суралцаж төгссөн. Суралцах хугацаандаа 2008 онд Хөх хотын Багшийн их сургуульд таван сар оюутан солилцоогоор суралцах аз завшаан тохиосон юм. Тэр үеэс үндэсний бичиг үсгээ бүр л хичээнгүйлэн суралцах болсон.
-Хөх хотод солилцоогоор очиход үндэсний бичгийн хэрэглээний түвшин нэлээн дээгүүрт байсан байх. Авууштай зүйл юу ажиглагдсан бол?
-Хөх хотод ерөөсөө л бүх зүйл нь үндэсний бичгээрээ. Эх хэлээрээ ойлгоно, бичнэ. Монгол оюутнууд очоод лекц хичээлээ үндэсний бичгээрээ л бичнэ. Наанадаж гудамж талбай, дэлгүүр хоршоогоор ороход хаягжилт бүгд үндэсний бичгээр.

-Монгол хэл, бичгийн багшийн хувьд эх хэлний дархлааны талаар ямар бодолтой байдаг вэ? Өнөө цагийн эх бичиг соёлын хэрэглээний талаар?
-Эх хэл бол улс орны тусгаар тогтнолын баталгаа шүү дээ. Хүмүүсийн эх хэл, бичгээ сурах сэтгэлгээ сэргэж байгаа юм уу гэсэн бодож байгаа. “Үндэсний бичиг-2025” хөтөлбөр сүүлийн хэдэн жил маш эрчимтэй хэрэгжсэн.
Тэр утгаараа төрийн албан хаагчдын эх хэл, бичгийн мэдлэг, хэрэглээ шинэ түвшинд гарч байгаа нь эх хэлний дархлаа маань улам батжиж байна уу гэсэн бодол төрүүлж байна. Иргэд ч үндэсний бичгээ сурах, түгээн дэлгэрүүлэх тал дээр анхаарч, үндэсний үзэл бас сэргэж байна гэж ажиглаж байгаа. Бичгийн соёл гээд ярихаар зөв бичих, цэвэр сайхан бичих, үзэл бодлоо эх хэлээрээ утга найруулгатай ярих, бичих зэрэг маань орох юм.
-Танай сумын хувьд “Хүмүүн бичиг” сонины захиалгын дүнгээр аймагтаа дээгүүрт ордог. ЕБС-ийн сурагчдаас гадна албан байгууллагууд олноор захиалан уншдаг. Бусдад үлгэр жишээ болох сайн туршлагаас хуваалцана уу?
-Манай сургууль ерөнхий хэл шинжлэлийн гарамгай онолч, дуун хөрвүүлэгч, нэрт сурган хүмүүжүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Төрийн шагналт, гавьяат багш, ШУА-ийн жинхэнэ гишүүн (академич), хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Шадавын Лувсанвандан багшийн нэрэмжит. Тэр ч утгаараа монгол хэл, үндэсний бичгийн сургалтдаа илүү анхаарч ажилладаг.
Бид Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониныг анги хамт олноороо захиалж, үндэсний бичгийн хичээлдээ таталган болон хичээнгүй бичгийн булан зэргийг тогтмол ашиглаж ирсэн. Ийнхүү хичээлийн нэг хэрэглэгдэхүүнээ болгон ашигласнаар хүүхдүүд шинэ содон мэдээллийг долоо хоног тутам сониноос уншихын сацуу сурагчдын маань унших, бичих чадварт илт ахиц гарч байгаа нь анзаарагддаг.
Мөн Үндэсний бичиг хөтөлбөр 1, 2, 3-ыг хэрэгжүүлэх ажлыг манай сумын Хэлний бодлогын салбар зөвлөл үе шаттайгаар, үр дүнтэй хэрэгжүүлж ирсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд сумын Хэлний бодлогын салбар зөвлөл сүүлийн гурван жил “Монгол бичигтэн” байгууллага шалгаруулах болзолт уралдааныг зарлан, энэ хүрээнд төрийн албан хаагчдынхаа үндэсний бичгийн унших, бичих чадварт тодорхой ахиц гарч байгаа. Төрийн албан хаагчдын үндэсний бичиг үсгээ дэлгэрүүлэн хөгжүүлэх гол хэрэглэгдэхүүн нь “Хүмүүн бичиг” сонин болдог. Төрийн албан хаагчдын мэдлэг чадвар дээшилснээр ажил хэрэгтээ үндэсний бичгийн хэрэглээг дэлгэрүүлэн ажиллах зэрэг давуу талууд гарч байна. Бидний энэ удирдамжит ажлын туршлагыг манай аймгийн хэд хэдэн сум энэ жилээс хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь сайн туршлага болохуйц ажил болжээ гэж харж байгаа. Удирдамждаа шалгууруудаа гаргаад нээлттэй өрсөлдүүлнэ гэсэн үг.
Нөгөөтээгүүр, Үндэсний бичиг хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь дан ганц монгол хэлний багш нарын ажил мэтээр хардаг байсан бол одоо манай суманд энэхүү удирдамжит ажлыг зохион байгуулснаар төрийн байгууллагууд дотроо хэлний бодлого хариуцсан ажлын багтай болсон байна. Түүгээр дамжуулан төрийн албан хаагчдынхаа эх хэл, үндэсний бичгийн боловсролд анхаарсан үйл ажиллагаанууд явуулдаг болсон. Байгууллага бүр хаягжилтаа үндэсний бичгээр жигдэлж, үндэсний бичгийн булантай болсон зэргээр хөтөлбөрийн үйл ажиллагаа үр дүнгээ өгч, тогтмолжиж байгаа нь сайшаалтай.
-Монгол бичгийг бодит хэрэглээ болгож, шат шатанд чадварыг ахиулах, сайжруулах өөр ямар боломж байгаа гэж хардаг вэ?
-Үндэсний бичгийн хэрэглээ ерөнхий боловсролын сургууль, төрийн албаны хэмжээнд биш бүх нийтийн хэмжээнд ярьж байж бодит хэрэглээ болгох боломжтой. Аливаа зүйлийн ач холбогдлыг ойлгоод ирэхээр үнэлээд эхэлдэг шүү дээ. Тэгэхээр хүн бүр л эх хэл, бичгийнхээ ач холбогдол, үнэ цэнийг ойлгоосой гэж хүсэх юм. Үндэсний бичгийн хэрэглээг үе шаттай ахиулах эхний энгийн алхам бараа бүтээгдэхүүний нэр, аж ахуйн нэгж, албан байгууллагын хаягжилт, наад зах нь гарын үсгээ хүн бүр үндэсний бичгээрээ бичихээс эхлүүлээд хэрэглээ болгох л хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгж гэмээнэ аандаа, хэрэгцээ шаардлагаараа үндэсний бичгээ суралцах болно доо. Үүнийг бодлогоор дэмжээд өгчихвөл боломжгүй зүйл байхгүй.
-Хувь хүн монгол бичгийн чадвараа сайжруулахын тулд юунаас эхлэх ёстой вэ?
-Хүслээс л эхэлнэ дээ. Аливаа юмыг сурахад чин хүсэл л их чухал шиг санагддаг. Одоо цагт чинь хүн өөрөө л сурах эрмэлзэлтэй бол хаанаас ч, орон зай үл хамааран суралцах боломжтой цаг үе шүү дээ. Гагцхүү системтэйгээр хэрхэн, яаж гэдэг дээр жаахан чиглүүлэг, барьж авах сэжим ч гэдэг юм уу хэрэгтэй байна. Үндэсний бичгийн мэдлэгээ ахиулан суралцахын тулд өөрийн түвшнээ тодорхойлох нь чухал. Үндэсний бичгээр уншдаг нь бичгийн соёлоо сайжруулах, бичдэг нь унших чадвараа хөгжүүлэх талаас алхам хийх хэрэгтэй. Тэр нь юу байж болох гэхээр уншиж чадахгүй хүн чинь үндсэндээ үсгээ мэдэхгүй байна л гэсэн үг. Тэгэхээр үсгээ судлахаас эхлэх ч гэдэг юм уу. Уншаад бичдэг хүн бол цааш нь гүнзгийрүүлэн судалж үндэсний бичгийн олон тиг бичвэрүүдээс суралцаж өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой гэж боддог.
-Төгс сурахад амаргүй, уламжлалт болон өвөрмөц бичлэгтэй үгс толгой эргүүлж орхидгийг зарим хүн ярьдаг. Ер нь монгол бичгээр 100 хувь зөв бичих боломж хомс ч гэгддэг. Үнэхээр тийм үү?
-“Эрдэм сурахад орой үгүй” гэж ярьдаг даа. Хүн бол би суралцаад болчихлоо, эрдмийг бүгдийг сурчихлаа гэж бодож болохгүй. Тэгэхээр 100 хувь гэх боломж бас байхгүй байж болох. Мэргэжлийн түвшний хүмүүст бол үндэсний бичгээрээ 100 хувь алдаагүй бичих шаардлага бас тавигдаж болох юм.
Монгол бичгийн нарийн зүй ёсыг мэдэлгүйгээр, судлаагүйгээс болж хэцүү бэрхийн хаалт үүсгээд байна уу даа гэж ажиглагддаг. Үндсэндээ уламжлалт болон өвөрмөц бичлэгтэй үг гэдэг маань бараг түүх шүү дээ. Үндэсний бичиг маань тэр олон мянган жилийг туулан өдий хүртэл уламжлагдан ирсэн их түүх агуулсан түүхэн уламжлалын зарчим /үг/, бэлгэ тэмдэгийн зарчим /үг/ зэрэг байдаг юм л даа. Түүнийг нь нарийн сайн судлаагүйгээс, мэдэхгүйгээс шалтгаалж төвөгтэй гэж харж байж болох юм. Үндэсний бичгээрээ зөвхөн уншиж бичээд сурахаас гадна судлах бүр мэдлэг, ур ухаан, сэтгэлгээ, гоо зүй, урлаг, ёс заншил, уламжлал соёл зэрэг салаа мөчир болон судлагддаг шидтэй бичиг шиг юм шүү дээ.
-Монгол бичгээр зөв бичих дүрмийн онцлогийн талаар тайлбарлана уу?
-Монгол бичгийн зөв бичих онцлогийн талаар яривал олон зүйл бий. Зөв бичлэгийн хувьд монгол бичиг маш цэгцтэй, илүү дутуу олон дүрэмгүй, эгшиг зохицох ёс, дэвсгэрлэх ёс, жийрэглэх эгшгийн ёсонд бараг бүх зүйл нь багтдаг гэж үздэг. Зөв бичих зүй нь хэдэн зууны үеэс нарийн тогтсон. Тиймээс гажих дүрэм байдаггүй. Монгол бичигт зөөлөн хатуугийн тэмдгийн дүрэм, заримдгийн дүрэм гэх мэт илүү дүрэм бас байдаггүй гэдгээрээ онцлог бичиг л дээ.
-Сурагчдаа монгол бичигт шимтүүлэх арга барил байдаг уу?
-Үндэсний бичгийн хичээл заахдаа сурагчдадаа аль болох залхаахгүй, хэцүү бэрх гэсэн мэдрэмжийг өгчихгүй юмсан гэсэн бодлоор хичээлийн үйл ажиллагаагаа хөтлөн явуулдаг. Бичиг үсгээрээ бахархах, гайхшрах, сонирхох хүслийг нь өдөөж өгөхийг эрмэлздэг. Багш нэг удаа л төвөгшөөх мэдрэмж өгчих юм бол хүүхэд сурах итгэл үнэшилгүй болчихдог. Энэ эрчээрээ 6-9 дүгээр ангийнх нь суурь мэдлэгийг сайн тавиад өгөхөд ахлах ангид нь үндэсний бичгийн олон тигээр бичих тал руу нь хөгжүүлэх бүрэн боломжтой болчихдог юм шиг санагддаг. Манай сургуульд хулсан үзэг, бийрийн бичгээр бичдэг сурагчид цөөнгүй бий.
Мөн уралдаан тэмцээнд орохдоо хүүхдүүдтэйгээ нэгэн зорилго дор хичээж зүтгэдэг маань бас амжилт үзүүлэх шалтгаан болдог байх. Жишээ нь, өнгөрсөн жил “Үндэсний бичгийн улсын уралдаанд” зургаадугаар ангиа массаар нь бэлтгэхдээ “Хүүхдүүд ээ, ийм удирдамж гарсан байна. Хэдүүлээ уралдаанд оролцох уу, хүсвэл чинь амжилт гаргахын төлөө багш нь бүх хүчээ дайчлан бэлтгэж чадна. Та нар маань чадах уу?” гээд л асуусан. Тэгэхэд хүүхдүүд маань дуу нэгтэйгээр “Чадна аа, багш аа” гээд л их уриалгахан хөөрхөн дэмжсэн.
Үүгээр юуг хэлэх гээд байна гэхээр багшийн шахалтаар ч юм уу, ямар нэг албадлагаар биш сурагчдын хүсэлтээр уралдаан тэмцээнд бэлтгэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Ингээд сурагчид өөрсдөө хүсэл тэмүүлэлтэй болоод эхлэхээр нь чиглүүлээд явчихад хүндрэл бага гардаг. Сурсан мэдсэн зүйлээрээ уралдаан тэмцээнд орж, хэр хэмжээнд яваагаа мэдэх нь илүү итгэл үнэмшил, урам зориг өгдөг. Багш дан ганцаар зүтгэхээс илүү сурагчидтайгаа зорилго тавих, түүндээ хамтран зүтгэх л арга зүйн бас нэг онцлог маань байж болох юм. Тэгээд бид хамтдаа хичээгээд аймагтаа шалгарч, “Үндэсний бичигтэн анги” өргөмжлөл хүртсэн. Хүүхдүүд маань түүнээсээ маш их урамшиж одоо үндэсний бичгээ шамдан суралцаж байгааг харах, мэдрэх сайхан санагддаг.
“Эрдмийн хэт цахибаас хөгжлийн гал бадармой” гэж үг байдаг. Түүн шиг сурагчдынхаа сурах хүслийг бадрааж өгвөөс хөгжих зам нь нээгдэх буй за.
-Элсэлтийн шалгалтын өмнө эх хэл, бичгийн шалгалт өгдөг болсон. Нийт суралцагчийн мэдлэг чадвар хэр хэмжээнд байна гэж үнэлдэг вэ?
-Эх хэл, бичгийн шалгалтад оролцогч сурагчид маань нийгэмд гараад ирээдүйн боловсон хүчин болоход аливаа зүйлийг уншаад ойлгож чадаж байна уу, өөрийн санаа бодлоо утга төгөлдөр бичиж найруулж байна уу, түүнийгээ зөв, алдаагүй бичиж чадаж байна уу, үндэсний бичгээрээ уншиж чадаж байна уу гэх мэт наад захын шалгуурыг хангасан байх шаардлага байна гэдгийг ойлгон ухамсарлах ёстой юм. Эх хэл, бичгийн шалгалтад оролцогчдыг ажиглаад дүгнэхэд жил ирэх бүр найруулж бичих чадвар маруухан болоод байна уу даа, ярих чадвар нь сайн ч бичгийн чадвар нь сул болоод байна уу гэсэн зүйл ажиглагдаад байгаа. Мөн гол нэг зүйл нь, зөв бичгийн дүрмийн алдаатай бичдэг болоод байгаад санаа зовниж байна. Түүнээс гадна зөв бичих гэдэг нь зөвхөн сурагчдад тулгараад байгаа асуудал биш байх шиг харагдаад байгаа. Магадгүй цахим хурдацтай хөгжиж байгаатай ч холбоотой байж мэдэх юм.
Харин сургуулийнхаа хэмжээнд дүгнэвэл манай сургуулийн бага, дундын сургалт, суурь сайн тавигддаг учраас сурагчид маань монгол хэл, бичгийн шалгалтад сайн дүн авдаг. Тэгэхээр хүүхдийн суурь мэдлэг, чадвар их чухал байгаа юм.
-Эх хэл, бичгийн өв тээгч нар хангалттай биш энэ цаг үед гэр бүлээрээ эх бичиг соёлоо дээдлэн дэлгэрүүлж байгаа тань онцлууштай. Гэр бүлийн хүнээ хэрхэн бичиг соёлын урлаг руу “урвуулав?”
-Сүүлийн жилүүдэд миний ажигласнаар үндэсний бичиг үсгээ суралцагчид их болж байна уу гэж бас хараад байгаа. Түүний нэгэн жишээ гэр бүлийн маань хүн байна. Манай гэр бүлийн хүнийг Х.Одгэрэл гэдэг. Газарзүйн багш мэргэжилтэй. Манай байгууллагын хүн бүр л "Хүмүүн бичиг" сонин захиалдаг байлаа. Тэр үед нөхөр маань сониноо их уншина. Мэдэхгүй үгээ асуугаад л уншаад байдаг байсан. Сургуулийнхаа багш, ажилтнуудыг гурван түвшинд хувааж үндэсний бичгийн сургалт орох үед манай хүний бичгийн хэв нь их сайжирсан байдаг юм. Өөрөө үндэсний бичгээр бичих, унших их сонирхолтой л доо.
2021 онд сургуульдаа “Бийрийн бичлэг”-ийн сургалтыг уран бичээч Б.Арсай багшаас авч, тус сургалтад багш, сурагчид нийлсэн 26 сурагч төгссөн юм. Түүнд нөхөр маань хамрагдаж бийрийн бичлэгийг шимтэн суралцсан. Одоо дөрвөн жил гаруй бичгийн эрдмээ хөгжүүлэн бичиж байна. Энэ хугацаанд аймаг, сумын хэмжээний уралдаанд жил бүр амжилттай оролцсоор байна. Аймгийн “Босоо бичгийн гайхамшиг” уралдаанд хоёр жил дараалан оролцож, тэргүүн байр, дэд байрт шалгарсан. Мөн сум, сургуулийнхаа түүхт 100 жилийн ойн өргөмжлөл, бэлэг дурсгал, хүндэтгэлийн бүтээлүүдийг бичиж байсан. Гэр бүлээрээ өв соёлоосоо суралцаж, нэг хүсэл сонирхолтой байна гэдэг бас сайхан зүйл.
Монгол хэлний багш нар хулсан үзгийн сургалтад хамрагдаж, өөрсдийн сурсан эрдмээ сурагчдадаа заан, үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэх, шимтэн суралцах боломжийг нээн ажиллаж байна. Түүний үр шимийг охин маань бас хүртэж хулсан үзгийн эрдмээр амжилттай суралцаж байгаа.
-Уран бичлэг өнөө цагт их хөгжиж байна. Хүмүүс нэгэндээ уран бичлэгээр дурсгалын үг болон нэрийг нь бичиж, бичүүлж дурсгадаг болж. Түүнийг нь албан өрөө болон гэртээ залсан хэд хэдэн тохиолдолд алдаатай бичсэн үг нэг биш байхыг анзаарч байлаа. Уран гоё бичихээс илүү алдаагүй зөв бичих нь чухал. Тэгэхээр бичгийн чадвараа нэлээд дээшлүүлж байж, уран гоё бичих рүү хөрвөх ёстой шиг?
-Тийм шүү. Би бас уран бичгийг заалгасан болгон гоё бичдэггүй юм уу даа гэж бодоод байдаг юм. Уран бичлэг нь маш их мэдрэмж, бүтээлч сэтгэлгээ шаарддаг төрөл. Тэр өгөгдөл бас хүн хүнд өөр. Мэдээж уйгагүй хичээл зүтгэл маш чухал. Уран гоё үзэмжтэй бичсэн хэрнээ алдаатай байвал үнэлэмж буурна. Тэгэхээр нэн түрүүнд үндэсний бичгээ зөв алдаагүй бичиж сурсны дараа уран бичих нь зүйн хэрэг л дээ. Бичиж байгаа зүйлээ мэдэж байж, судалж байж бичих нь бичгийн хүний эрдэм харагдана.
Уран бичлэгийн бүтээлээр нэгэндээ хүндэтгэл илэрхийлж байгаа нь сайшаалтай сайхан юм. Энэ нь эх хэлний дархлаа батжиж, хүмүүсийн бичиг соёлдоо хандаж байгаагийн нэг илрэл юм уу даа.
-Асууж амжаагүй асуулт байвал нээлттэй хором...
-Үндэсний бичиг соёлын тухай ярилцах боломж олгосонд талархал илэрхийлье. Эх хэл соёл, үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэхэд та, бидний үүрэг оролцоо чухал үүрэгтэй шүү.
-Ярилцсанд баярлалаа.

Ulaanbaatar