44 ДЭХ ДОЛОО ХОНОГ: АНУ-ын Ерөнхийлөгч Азийн орнуудад айлчиллаа

ТОЙМ
khulan@montsame.gov.mn
2025-11-01 13:54:19

УЛААНБААТАР, 2025 оны 11 дүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногт АСЕАН, АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтууд болж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Зүүн Азийн орнуудад айлчилж, Афганистан, Пакистан хоёр энхийн хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцож, “Nvidia”-гийн зах зээлийн үнэлгээ 5 их наядад хүрсэн зэрэг онцлох үйл явдлууд өрнөлөө. Ингээд өнгөрч буй долоо хоногт дэлхий дахинд болсон гол үйл явдлуудыг тоймлон хүргэе. 


АСЕАН-ы дээд хэмжээний уулзалт амжилттай боллоо

Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ 47 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо амжилттай болж өндөрлөлөө. “Оролцоо ба тогтвортой хөгжил” уриан дор болсон энэ удаагийн чуулга уулзалтаар бүс нутгийн интеграц, эдийн засгийн өсөлттэй холбоотой өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцжээ. Дээд хэмжээний уулзалтын үеэр болсон хоёр чухал үйл явдал бол Зүүн Тимор улсыг АСЕАН-ы бүрэн эрхт гишүүнээр элсүүлсэн, Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нарын зуучилснаар Камбож, Тайландын хооронд энхийн гэрээ байгуулсан явдал байлаа. Мөн Куала-Лумпурт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн, АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент нар хоёр өдрийн турш хэлэлцээ хийсний дүнд худалдааны маргааныг зохицуулах талаар суурь тохиролцоонд хүрсэн юм. Филиппин улс ирэх 2026 онд АСЕАН-ыг даргална.


Д.Трамп Ази тивд айлчиллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орсноосоо хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Өмнөд Солонгост анх удаагаа нүүр тулан уулзлаа. Д.Трамп уг уулзалтыг “гайхалтай” хэмээн тодорхойлсон бол Хятадын тал газрын ховор элементийн экспортод тавьсан хязгаарлалтаа нэг жилийн хугацаанд сулруулахаар шийдвэрлэжээ. Мөн фентанилын урсгалыг бууруулах тал дээр Хятад улс ахиц дэвшил гаргасан тул тус улсаас нийлүүлэх бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварын хэмжээг бууруулна гэдгээ Америкийн Ерөнхийлөгч мэдэгджээ. Уулзалтын өмнөхөн тэрбээр цөмийн туршилтаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн боловч энэ талаар тайлбар өгсөнгүй. 

Д.Трамп мөн Японд айлчилж, шинэ Ерөнхий сайд Такаичи Санаэтай хэлэлцээ хийлээ. Т.Санаэ “аюулгүй байдлын ноцтой байдал”-ыг харгалзан улс орныхоо батлан ​​​​хамгаалах чадавхыг бэхжүүлнэ гэж мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч мөн Малайзад айлчлахдаа худалдааны хэлэлцээрүүдэд гарын үсэг зурж, Камбож, Тайландын хооронд энхийн гэрээ байгуулахад зуучилсан юм. Тэрбээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мёнтой хэлэлцээ хийж, Солонгосын авто машинд ногдуулсан тарифыг бууруулах худалдааны хэлэлцээрт гарын үсэг зуржээ.




АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт үргэлжилж байна

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ дээд хэмжээний уулзалт Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутгийн Гёнжү хотноо болж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн уулзалтад АПЕК-ийн 21 гишүүн орны удирдагчид, зочин улсууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцож, чөлөөт худалдааг хамгаалах, бүс нутгийн эдийн засгийн интеграцийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ жилийн АПЕК-ийн үйл ажиллагаануудыг зохион байгуулж буй Өмнөд Солонгос нь “Гёнжүгийн тунхаглал”-д АПЕК-ийн бүх оролцогчийн дэмжсэн үр дүнг тусгахыг эрмэлзэж байгаа бөгөөд хиймэл оюун, хүн ам зүйн өөрчлөлтийн талаарх өөрийн санаачилгуудад ихээхэн анхаарал хандуулж байна.



Афганистан, Пакистан энхийг хэлэлцээгээ үргэлжлүүлнэ

Афганистан, Пакистаны талууд энхийн хэлэлцээ амжилтгүй болсон гэж мэдэгдсэнийхээ дараахан Истанбулд уг хэлэлцээг дахин эхлүүлэхээ мэдэгдлээ. Энэхүү хэлэлцээ нь хоёр улсын хооронд дэгдсэн мөргөлдөөнийг шийдвэрлэх зорилготой. Саяхан хил орчмын бүсэд мөргөлдөөн гарсны улмаас олон арван хүн амиа алдсан юм. Хэдийгээр гал зогсоохоор тохиролцсон боловч жижиг мөргөлдөөнүүд үргэлжилсээр байна. Пакистаны тал Афганистаныг “Талибан” бүлэглэлийнхэнд тусалж байна гэж буруутгаж байгаа ажээ.


Мелисса” хар салхи ихээхэн сүйтгэл дагууллаа

“Мелисса” хар салхи дайран өнгөрсний улмаас Ямайкийн ихэнх хэсэгт цахилгаан, харилцаа холбооны сүлжээ тасарчээ. Салхины хурд 300 км/цагт хүрч ширүүссэнээр тус арал дээр болсон хамгийн хүчтэй шуурга болов. Харин Куба, Багамын арлуудыг чиглэн урагшлах явцад шуурганы хүч суларчээ. Хаити зэрэг улсуудад “Мелисса” шуурганы улмаас 35 хүн амиа алдсан бөгөөд энэ тоо цаашид нэмэгдэж магадгүй байна.



Бразилд мансууруулах бодисны бүлэглэлийн эсрэг томоохон ажиллагаа явуулжээ

Бразилд мансууруулах бодисны томоохон бүлэглэлийг онилон явуулсан цагдаа нарын тусгай ажиллагааны үеэр 121 хүн амиа алджээ. Амиа алдсан хүмүүсийн дөрөв нь цагдаагийн албан хаагч байв. Аюулаас хамгаалах хүчний нийт 2500 орчим алба хаагчийг дайчилснаар тус улсын түүхэн дэх хамгийн том бөгөөд хамгийн олон хүний аминд хүрсэн ажиллагааг явуулсан байна. Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва Засгийн газрын яаралтай хуралдаан зарласан бөгөөд зохион байгуулалттай бүлэглэлүүд “гэр бүлүүдийг сүйтгэж байна” гэж мэдэгджээ. НҮБ болсон хэрэг явдалд түгшиж байгаагаа илэрхийлээд, мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг уриалсан байна.


Х.Милейгийн нам парламентын сонгуульд ялжээ

Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей парламентын сонгуульд нам нь үнэмлэхүй ялалт байгуулсныг түүхэн үйл явдал гэж тодорхойллоо. “Ла Либертад Аванза” нам 41 хувийн санал авснаар сөрөг хүчнийхнээс /32 хувь/ илүүрхжээ. Тус нам саяхан болсон орон нутгийн сонгуульд Буэнос-Айрес мужид ялалт байгуулсан байна. Х.Милейгийн эдийн засгийн эрс шинэчлэлүүд ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байгаа боловч сонгуулийн дүн “агуу Аргентин улсыг байгуулах” эхлэлийг тавина гэж Ерөнхийлөгч мэдэгджээ. Түүнчлэн тус улсын бонд болон хөрөнгийн биржийн үзүүлэлтүүд сэргэж эхэлсэн байна.


Израилын тал Газад цохилт өгчээ

ХАМАС бүлэглэлийн дайралтын үеэр Израилын цэрэг амиа алдсаны хариуд Газад цохилт өгсөн гэж Израилын тал мэдэгджээ. Харин ХАМАС бүлэглэлийнхэн уг халдлагыг үйлдээгүй гээд, гал зогсоох хэлэлцээрийг мөрдөн сахиж байгаа гэж мэдэгджээ. ХАМАС бүлэглэлийнхний хяналтад байдаг байгууллагын мэдээлснээр, Израилын цохилтын улмаас 100 гаруй хүн амиа алдсан бөгөөд тэдний хэд нь дайчид, хэд нь энгийн иргэд байсан талаар мэдээлээгүй байна. Израилын тал мэдэгдэхдээ,  ХАМАС бүлэглэл гал зогсоох хэлэлцээрийг зөрчиж, хэдийн буцааж өгсөн барьцааны хүний цогцосны үлдэгдлийг буцааж өгсөн гэж буруутгажээ. Үүнээс гадна, Йорданы хаан мэдэгдэхдээ, олон улсын цэргүүд Газын зурваст энх тайвныг тогтоохыг хүсэхгүй гэсэн байна.


ХНС бодлогын хүүгээ буурууллаа

АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ энэ онд бодлогын хүүгээ хоёр дахь удаагаа буюу 25 суурь нэгжээр бууруулахаар шийдвэрлэлээ. Бодлогын хүү ийнхүү буурахыг шинжээчид урьдчилан таамаглаж байсан бөгөөд ХНС-гийн тэргүүн Жером Пауэлл энэ онд хүүг дахин бууруулах нь эсэх нь тодорхойгүй байна гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг татжээ. Харин Японы Төв банк бодлогын хүүгээ 0.5 хувьд хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна. Японд инфляц өндөр хэвээр байгаа тул оны эцсээр хүүг өсгөнө гэж шинжээчид таамаглаж байна.


“Amazon” ажилтнуудаа цомхотгож байна

“Amazon” хиймэл оюун ухаан нэвтрүүлснээс үүдэлтэй ажлын байрны цомхотголыг эрчимжүүлж эхэлжээ. Тус компани цагаан захт ажилтнуудынхаа тоог 14 мянгаар /нийт 350 мянган ажилтнаас/ цөөрүүлж байгаа бөгөөд ирэх онд нийт 30 мянган ажлын байрыг цомхотгохоор төлөвлөж байгаа ажээ. “Amazon” компани нийт 1.5 сая гаруй хүнийг бүтэн цагаар болон хагас цагаар ажиллуулдаг. Зургаадугаар сард компанийн гүйцэтгэх захирал Энди Жасси хэлэхдээ, хиймэл оюун ухааны хэрэгслүүд, агентуудын хэрэглээ нэмэгдсэнээр ажилтнуудын өдөр тутам гүйцэтгэдэг ажлыг гүйцэтгэж байна гэж мэдэгджээ.


“Nvidia”-гийн зах зээлийн үнэлгээ 5 их наядад хүрлээ

Америкийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах зээлийн үнэлгээ 4 их наяд ам.долларт хүрснээс хойш ердөө гуравхан сарын дараа 5 их наяд ам.долларт хүрснээр энэ босгыг давсан түүхэн дэх анхны компани боллоо. 2023 оны эхэн үеэс хойш тус компанийн хувьцааны үнэ хурдацтай өссөн нь чипүүд асар их эрэлттэй байгаатай холбоотой юм. Лхагва гарагт тус компанийн нэгж хувьцааны үнэ арилжаа хаагдах мөчид 207.04 ам.долларт хүрч, нийт 24.3 тэрбум ширхэг хувьцаа арилжаалагдсанаар компанийн зах зээлийн үнэлгээ 5.03 их наяд ам.долларт хүрсэн байна.

 

Ирэх долоо хоногт болох гол үйл явдлууд

  • ОПЕК+ бүлгийн сайд нарын цахим уулзалт 11 дүгээр сарын 2-нд болно.
  • Нийгмийн хөгжлийн төлөөх Дэлхийн II дээд хэмжээний уулзалт Катарын нийслэл Доха хотноо 11 дүгээр сарын 4-6-нд болно.
  • “Хорийн бүлэг”-ийн Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын цахим уулзалт 11 дүгээр сарын 4-6-нд болно.
  • НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх COP30 бага хурлын бэлтгэл ажил үргэлжилнэ. Энэхүү бага хурал 11 дүгээр сарын 10-21-ний өдрүүдэд болно.
  • “Формула-1” ангиллын авто уралдааны Бразилын Гран-При 11 дүгээр сарын 7-9-ний өдрүүдэд болно.
  • Талбайн теннисний “WTA Finals-2025” тэмцээн Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо 11 дүгээр сарын 8-нд өндөрлөнө. 

 


相关新闻