ӨМНӨГОВЬ: "Монголын нэг өдөр" зургийг хамгийн өндөр нягтралтайгаар монгол шороон будгаар зуржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-11-05 13:18:57

Даланзадгад, 2025 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей болон аймгийн Говийн байгаль, түүхийн музей хамтран “Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэнг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс энэ сарын 5-ны өдрийг хүртэл зохион байгууллаа.


Тус үзэсгэлэн "Соёл түгээе” уриан дор зохион байгуулж буй “Соёлын орон зай-Бидний орчин” бүтээлч аяны хүрээнд соёлын өвийг орон нутагт сурталчлан таниулах, музей хоорондын хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, орон нутгийн хүүхэд залуучуудын танин мэдэхүйг нэмэгдүүлэх зорилготой юм.


Үзэсгэлэнгээс “Монголын нэг өдөр”, “Үрс гарч байгаа нь” бүтээлүүдийн өнгө төрх, өгүүлэмж, дүр дүрслэл орчин үеийн гэрэл зургийн хальсанд хэрхэн буусан байдлыг сонирхон үзэхийн зэрэгцээ бүтээлд багтсан хүмүүс, мал амьтан, эд өлгийн зүйлс, зан үйлийн дүрслэлүүдийн нарийвчилсан тоо баримттай дэлгэрэнгүй танилцах боломжтой.


Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал П.Байгальмаа хэлэхдээ, "XX зууны эхэн үеийн Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, зураач Балдуугийн Шаравын “Монголын нэг өдөр”, “Үрс гарч байгаа нь” бүтээл нь нүүдэлчин монголчуудын ахуй амьдрал, зан заншлыг нэгэн дор багтаан харуулсан гайхамшигт уран бүтээлүүд юм. Эдгээр бүтээлийг хүүхэд, залуучуудад илүү сонирхолтой байдлаар хүргэх зорилгоор тухайн бүтээлд дүрсэлсэн үйл явдлыг орчин үеийн гэрэл зургуудтай харьцуулан дэлгэсэн нь хүүхэд, залуучуудын танин мэдэхүйг нэмэгдүүлэх, монголын соёл, өв уламжлалаа илүү ойлгох, бахархах сэтгэлийг төлөвшүүлэх ач холбогдолтой" гэв.

 

Богд хаан Б.Шаравт өөртөө таалагдах зураг зурж ир гэж даалгажээ. Б.Шарав даалгаврын дагуу 1911-1912 онд “Монголын нэг өдөр”, “Үрс гаргаж байгаа нь” хэмээх хоёр зураг зурсан байна. Тэр нь Богдод ихээхэн таалагдаж, Б.Шаравт “Марзан” хэмээх хоч хайрлажээ. Тэрээр “Монголын нэг өдөр” бүтээлдээ монголчуудын өдөр тутмын амьдрал, үндэсний ёс заншил, ахуй орчныг харуулж, ертөнцийн ерийн ба ерийн бус, ил, далд утга учрыг илэрхийлжээ. Ийнхүү нэг өдрийн амьдрал төдийгүй нэг насны явдал, байгаль, хүн, нийгмийн далд нарийн хэлхээ холбоо мөн чанарыг уран сайхны өвөрмөц сайхнаар дүрсэлсэн юм.


Монголын нэг өдөр зургийг хамгийн өндөр нягтралтайгаар монгол шороон будгаар зуржээ.


Б.Шаравын “Монголын нэг өдөр” зургийн хосгүй үнэт бүтээлийн дүрслэлд хийсэн тоон дүнгийн судалгааг харуулъя.



“Монголын нэг өдөр” зурагт дүрслэгдсэн хүний тоо 311, эрэгтэй хүний тоо 241, эмэгтэй хүний тоо 55, эхнэр үстэй эхнэр 22, хүүхэд 13, харин амьтдын тоо 317, хонь 28, үхэр 18, адуу 93, тэмээ 87, адгуус амьтдын тоо 91, тарвага 11, чоно 3,  нохой 21, усны шувуу 9, баавгай 3, буга 7, хандгай 2, хэрээ 4, тас 5, могой 3, гөрөөс 23 дүрслэгджээ.


Угсаатан зүйн эд өлгийн зүйл 301, хөсөг тэрэг, мухлаг чингэлгийн зүйл 22, гэр майхан сууц 25, гэр доторх эд зүйлс 15, сав суулга, ахуйн эд зүйлс 170, газар тариалан холбогдох зүйлс 69 байдаг. 











“Үрс гарч байгаа нь бүтээлийн тоон дүрслэлд нийт 164 хүн, үүнээс эрэгтэй 120, эмэгтэй 15, хүүхэд 29 байдаг.  Таван хошуу малын дүрслэл 259, хонь 130 ямаа 10, тэмээ 1, адуу 85,  унага 33,  амьтадын тоо чоно 7, тарвага 10, усны шувуу 11, угсаатан зүйн эд өлгийн зүйл 301, эд өлгийн зүйл 76, гэр 4, майхан 3, савхан хувин 12, айргийн яндаа 1, домбо 3, айргийн хул 16, сангийн бойшир 1, ваар 15, хэнгэрэг 1, морин хуур 1, бишгүүр 1 цан 2, дун 1, ембүү 1, хадаг 1, гүц 1, есөн нүдэт цацал 2, хөхүүр 1,  тулга 2,  уурга 7, араг 6 дүрслэгджээ.


 





Монголын нэг өдөр зургийг 1970-1980 онд ЗХУ-д сэргээн засварласан. Харин 1995 онд “хосгүй үнэт өв” зэрэглэлд бүртгэж 100 сая төгрөгөөр үнэлжээ. Марзан Шаравыг Монголын орчин үеийн дүрслэх урлагийг үүсгэн байгуулагч гэдэг.

相关新闻