Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр “Тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно” гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонголын чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэж “Тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно”хэмээн Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаяр мэдэгдээд байгаатай холбогдуулан түүнтэй өнөөдөр СТО-д сэтгүүлчид уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.
Тэрбээр, Монголын чөлөөт бөхийн холбооны Их хурал зохион байгуулах 11 дүгээр сарын 19-ний өдөр зулын гол болох тэмцлийн хурц сонголт хийж үзэл бодлоо илэрхийлнэ гэсэн мэдэгдэл нь чөлөөт бөхийн хүрээнийхэн болон энэ спортыг дэмжигч, сонирхогчдын анхаарлыг татаж байгаа юм.
Дасгалжуулагч Ц.Цогтбаяр "Хүн сонсоход айж цочихоор үйлдэл хэдий ч надад үүнээс өөр арга үлдсэнгүй. Намайг, шигшээ багт ажилласан дасгалжуулагчдыг МЧБХ-ны Их хуралд оролцуулахгүй гэв. Би дасгалжуулагчийн хувьд эрхээ хасуулснаар холбооны ажилд оролцож болдоггүй юм байж. Харин гавьяат тамирчны хувьд хуралдаа орохыг хүссэн. Харамсалтай нь, холбооноос зөвшөөрсөнгүй. Надад тэмцлийн хурц хэлбэрээс өөр сонголт үлдсэнгүй. Монголын чөлөөт бөхөд муу зүйл хийж яваагүй. Энэ амьдралаа төрсөн хүүхдүүдээсээ илүү түмний хүүхдийн төлөө зориулж ирсэн. Д.Сумъяабазар, А.Сүхбат нар өнөөдөр яагаад ингэж бидэнд хатуу хандаж байна. Тэдний төлөө л бид явж, тамирчных нь хувьд зааж сургаж, ахын ёсоор хайрлаж ирсэн. Би амь нас болон өөрийн бусдад харагдах байдал, өөрийн нэр төр унахаас үл хамааран, эсэргүүцлээ илэрхийлнэ. Чөлөөт бөх гэж амь, амьдралаа зориулж ирсэн энэ спортын төлөө надад үнэхээр өөрөөр үзэл бодлоо илэрхийлэх боломж үлдээсэнгүй, манай энэ залуучууд. Өнгөрсөн дөрвөн жилийн ажлаа дүгнэх гэж байгаа бол тэр дөрвөн жилд шигшээ багт ажилласан дасгалжуулагч, тамирчид нь яагаад холбооны хуралдаа оролцож болохгүй гэж. Улс төр, спорт хоёр дэндүү холилдоод байгаа юм биш үү. Дарга нар нь Төрийн ордонд хуралддаг юм байгаа биз, хуралдаа оролцох боломжгүй тамирчин, дасгалжуулагчид бид Төрийн ордны гадна жагсана" гэлээ.
Д.Өлзий