Хорт хавдартай тэмцэх аян зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-17 22:46:08
Yesukheitumur Tumurbaatar

Жил бүрийн арваннэгдүгээр сард хавдартай тэмцэх 14 хоногийн аяныг зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хувьд “Хөх, умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хорт хавдрын эрт  илрүүлэг үзлэгийн ач холбогдол” гэсэн уриатайгаар зохион байгууллаа гэж Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдарын их эмч Ж.Цэрэнпагма хэллээ.

Аяны хүрээнд “хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх, хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчлэх" сэдэвт сургалтыг зохион байгуулж өөрсдийн хүсэлтээр 78 хүн оролцож урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байна. Мөн улсын хэмжээнд хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэлтийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Дэлхий дээр жилд 14,1 сая хүн шинээр хорт хавдраар өвчилж, 8,2 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байгаа ба хорт хавдрын өвчлөл, нас баралтын талаас илүү хувь нь хөгжиж буй тохиолдож байгаа бөгөөд голдуу буурай хөгжилтэй орнуудад бүртгэгдэж байна.

Манай орны хувьд жилд 5000 гаруй хүн хорт хавдар бүртгэгдэж байгаагийн 75 хувь нь хожуу үе шатандаа оношлогдож байгаа ажээ.

Сүүлийн 10 жилийн байдлаар хорт хавдрын нийт тохиолдлын дотор элэг 37,4 хувь, ходоод 14,8 хувь, уушги 9,2 хувь, улаан хоолой 8,2 хувь, умайн хүзүү 7,5 хувийн хорт хавдарууд зонхилж байгааг эрүүл мэндийн газраас мэдээлж байгаа юм.

Хүйсийн хувьд авч үзвэл эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хорт хавдар хоёрдугаарт ордог ба хөхний өмөнгийн тохиолдол ч нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Т.Есүхэйтөмөр

相关新闻