Нийтийн номын сан их зохиолч Д.Нацагдоржийн нэрээр нэрлэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-17 23:14:38
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн нийтийн номын сан нь өдгөө 72 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд ИТХ-ын энэ оны 8-р сарын 4 ний өдрийн 13-р тогтоолоор их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит болгох шийдвэр гарчээ.

Тиймээс их зохиолчийн мэндэлсэн өдөр буюу өнөөдөр орон нутгийн удирдлагууд,  БСШУС-ын дэд сайд тэргүүтэй төлөөлөгчдийг оролцуулан албан ёсоор нэрэмжит болгон номын сангийн урд шав тавих ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Нэрэмжит болсонтой холбогдуулан их зохиолчийн алдар гавъяаг мөнхжүүлэх, түүний зохиол бүтээлийг олон нйитэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Д.Нацагдоржийн нэрэмжит танхим” -ийг бий болгосон тухайгаа номын сангийн дарга Ням-Од онцолсон юм.

Тэрээр цааш хэлэхдээ энэхүү танхимд Төв аймгийн зохиолч яруу найрагчдын бүтээлээс гадна төр нийгмийн зүтгэлтэн, алдартан гавъяатнууд болоод эрдэмтэн мэргэд, хөгжмийн зохиолч зураачдын оюуны их өв аривжин хадгалагдан хамгаалагдаж олон түмний хүртээл болно гэдгийг хэлж байлаа.  

Мөн тус их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит танхимд түүний хөрөг болоод хэлсэн үгийн ишлэл, өөрийн сан хөмрөгт байгаа зохиол бүтээлийг хүндэтгэн байрлуулснаас гадна Төв аймгийн бусад  зохиолчдын бүтээл гар бичмэлийг дэлгэн тавьжээ.

Сонирхуулахад ирэх 4 жилд багтааж их зохиолчийн хөшөө Төв аймгийн Нийтийн номын сангийн гадаа сүндэрлэнэ.

Т.Есүхэйтөмөр

相关新闻