Нийслэлийн 10 мянган алба хаагч цас цэвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-19 16:02:08

Нийслэлд их хэмжээний цас орсонтой холбогдуулан өнөөдөр НЗДТГ болон харъяа газруудын ажилтнуудын Хотын даргын захирамжаар цас цэвэрлэв.

НЗДТГ-ын 200 алба хаагчид Олимпын гудамж буюу ГХЯ-ны уулзвараас Замын цагдаагийн уулзвар хүртэлх хэсгийн явган хүний замын цас мөсийг цэвэрлэж, хальтиргаа гулгааг арилгав. Энэ үеэр НЗД С.Батболд “Улаанбаатар хотод орсон цасны улмаас  зарим хэсэгтээ 20 см цасан бүрхүүл тогтсон. Цасыг арилгахад тохижилт үйлчилгээний компаниудын хүн хүч хүрэлцэхгүй байгаа. Тиймээс нийслэлийн төр захиргааны байгууллагын 10 мянга гаруй албан хаагч  90 цэгт цас цэвэрлэж байна. Мөн мэргэжлийн хяналтын байцаагчид аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 метр хүртэлх газраа цэвэрлэж байгаа эсэхэд хяналт тавьж байна. Цаашдаа ч цас нэмж орох төлөв байгаа учраас төр захиргааны байгууллагууд өнөөдөр хуваарилж авсан гудамж талбайгаа дахин цэвэрлэх магадлалтай" хэмээв. Мөн НИТХ-ын дарга Ц.Сандуй нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бшх хувийн аж ахуйн нэгжүүдийг цас цэвэрлэх ажилд идэвхтэй оролцохыг уриалав.

Энэ үеэр хотын захиргаанаас цас цэвэрлэж буй 300 гаруй зам талбайн үйлчлэгчдийг хотын халуун хоол, аарцаар дайлав.

Ч.Ариунболд

相关新闻