“Авто машингүй өдөр”-ийг Өмнөговьд зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ“Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх Дэлхий нийтийн өдөр”, “Авто машингүй өдөр”-ийг Өмнөговьт 15 суманд нэг зэрэг амжилттай зохион байгууллаа.
Энэ сарын 19-нд болсон уг арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг хамруулсан байна. Тус аймагт “Авто машингүй өдөр”-ийг 2012 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж эхэлсэн бөгөөд оролцсон байгууллагууд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхтэй холбоотой ажлуудыг сурталчилдаг юм. Мөн Маанийн хийдийн лам нар авто тээврийн ослын улмаас хохирогсдод хүндэтгэл үзүүлж ном хурж, 108 зул өргөлөө. Энэ үеэр албан байгууллагууд таван жагсаал хийсэн байна.
Уг өдрийн арга хэмжээнд идэвхи санаачилгатай оролцсон шилдэг байгууллагыг шалгаруулсан бөгөөд хурандаа Ө.Эрдэнэ-Очир захирагчтай Зэвсэгт хүчний 167-р анги шалгарчээ.
Дэлхий дээр зам тээврийн ослын улмаас жил бүр дунджаар 1.3 сая хүн амь насаа алдаж, 50 сая хүн гэмтэж бэртэж байгаа нь нийт нас барах шалтгааны 8 дугаарт, Монгол Улс дэлхийд зам тээврийн ослын улмаас нас баралтаар эхний 25-д орж байгаа гэнэ.
Харин Өмнөговь аймгийн хувьд он гарснаас хойш зам тээврийн 8 мянга орчим зөрчил илрүүлсэн бөгөөд 600 орчим нь зөвхөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил байжээ.
Д.Мишигсүрэн