Д.Чойжамц: Далай багш Монголд морилохдоо улс төр хийдэггүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-11-21 17:06:37

Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам зөвлөх Д.Чойжамцаас Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын айлчлалын  талаар тодрууллаа.

- Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын айлчлалын зорилго юунд чиглэж байна вэ. Энэ тухай дотоодоос илүүтэй дэлхий дахин сонирхож байна?

- Эрт дээр үеэс монголчууд үе, үеийн Далай ламтай холбогдож ирсэн. Энэ утгаараа багш хэмээн дээдэлдэг. 1990 оноос хойш манай оронд чөлөөт нийгэм тогтсоноор Монголчууд Далай багшийг залж, бурхны шашин сэргэн дэлгэрч эхэлсэн. Далай багш Монголын сүсэгтэн олон, лам хуврагуудад айлдвараа айлдаж, тусалж дэмжиж ирсэн. Дээрхийн гэгээнтний дэмжлэгээр маш олон хүүхдүүд шашны чиглэлээр суралцаж байна.

Монголын ард түмэн Далай багшид сүсэглэж залбирч ирсэн. Гандантэгчинлэн хийд дур мэдэн Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламыг залаагүй. Сүсэгтэн олныхоо хүсэлтээр бурхан номын адис жанлавыг нь хүртээе гэсэн зорилгоор урьж, айлчлалыг манай хийд зохион байгуулсан. Нөгөөтэйгүүр хаа холоос Далай багштай уулзахаар сүсэгтэн олон маань зорьж очдог. Тиймээс монголд айлчилж буй нь сүсэгтэн олны эдийн засагт хэмнэлт авчирч, өгөөжөө өгч байгаа хэмээн ойлгож байна. Далай багш Монголын бурхан шашныг хөгжүүлж, дэвжүүлэхээр олон лам хувраг,  сүсэгтэн олонд бурхны сургаалиа айлдаж байна.

-  БНХАУ-ын ГХЯ-наас Монгол Улсад айлчилж буй Буддын шашны тэргүүн Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламыг Монгол Улс хүлээж авахгүй байх ёстой” гэсэн уриалга гаргасан.  Энэ тухай та юу хэлэх вэ?

-  Өмнө нь Далай багш олон улсын байдал хүндхэн байна гэсэн шалтгаанаар Монголын сүсэгтэн олны хэд, хэдэн удаагийн урилгыг хүлээж аваагүй. Төр засгийн зүгээс ч хориг тавьж байсан удаатай. Харин Монгол Улс Үндсэн хуулиа баталж ардчилсан орон болсноор Далай багш Монголд морилох боломж олдсон. Ардчилсан нийгэмд сүсэгтэн олныхоо эрх чөлөөг хаадаггүйн илэрхийлэл болж Далай багш Монгол Улсад морилж байна гэж ойлгож болно. Монголын хүн амын 60 гаруй хувь нь бурхны шашныг шүтдэг. Далай багш Монголд морилохдоо улс төр хийдэггүй. Тэрээр энэ айлчлалаараа сүсэгтэн олонд зориулан бурхныхаа сургаалийг айлддаг. Түүний айлчлалын зорилго нь тодорхой учир  бүх үйл явдлыг дагаж үзэж болно. Хүмүүс хоорондын харилцаа зөв байх ёстой гэсэн сургаалиа олон түмэнд хүргэж явна. Бурхны шашинд гайхамшиг байдаг, энх тайванч, эв нэгдлийг бий болгодгоороо онцлогтой.  Ёс зүй өөрчлөгдөж буй энэ үед хүн төрлөхтөнд маш их хувь нэмэр оруулдгаараа бусад шашнаас ялгардаг. Улс төрөөс ангид айлчлал болж байна гэдгийг дахин хэлье.

 Б.Заяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻