Б.Баянмөнх: Төрөлжсөн сургуулийн сурагчид амжилт гаргаж эхлээд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт биеийн тамир спортын төрөлжсөн сургууль үүдээ нээгээд сар гаруй хугацааг үдээд байгаа билээ. Тус сургуулийн сурагчид эхний амжилтуудаа гаргаад байна. Энэхүү сургуулийн талаар Б.Баянмөнх захиралтай ярилцлаа.
-Танай сургуульд хэдэн бүлэгт хэдэн хүүхэд ямар ямар спортоор хичээллэж байна вэ?
- Манай сургууль энэ оны 10 дугаар сарын 4-нд нээлтээ хийсэн. 6-12 дугаар ангийн 240 орчим хүүхэд 9 бүлэгт спортын 10 төрөлд хичээллэж байна. Анх сургуульд хүүхдүүдээ авахдаа сорил явуулж хичээллэх спортод нь чиглүүлж өгсөн байгаа.
-Хүүхдүүд нь амжилтаа гаргаад эхэлсэн үү?
-Дундговь аймагт болсон бүсийн шатарчдын уралдаанд 8 хүүхэд оролцож Халиун гээд охин алтан медаль авч бусад нь дээгүүр байрт шалгарсан. Мөн гар бөмбөгийн улсын аварга шалгаруулах 64 баг оролцсон тэмцээнд шилдэг наймд шалгарлаа. Спортод сайн хүүхдүүд нэг дор цугласнаар ийнхүү амжилт дагуулж эхэллээ.
-Хүүхдүүд ерөнхий эрдэм, спортын сургалтуудаа хэрхэн зохицуулж байна вэ?
-Үдээс өмнө ерөнхий эрдмээ үзээд үдээш хойш 3 цаг сонгосон спортоороо хичээллэж байна. Энэ нь хүүхдүүдэд маань нэлээн ачаалалтай байна. Төрөлжсөн сургалттай сургуулийн сургалтын тусгай хөтөлбөрийг бид дээш нь хүргүүлээд байгаа.
Д.Мишигсүрэн