Иргэд нийтийн бүжгийг сонирхох боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-11-22 08:49:04

Өмнөговь аймгийн Биеийн тамир спортын газарт ням гараг бүр нийтийн бүжиг болно гэж "Өвөл цагийн нийтийн биеийн тамир" арга хэмжээний нээлтийн үеэр Нийтийн бүжгийн спортын холбооноос мэдээллээ.

Аймгийн Биеийн тамир спортын газар, Нийтийн бүжгийн спортын холбоотой хамтран өвөл цагийн нийтийн биеийн тамирын үйл ажиллагааг албан ёсоор нээлээ. Хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, нийтийн биеийн тамирыг шинэ шатанд гаргаж хөгжүүлэх зорилготой уг арга хэмжээг зохион байгуулж байгаа нь энэ юм. 

Нээлтийн үеэр нийтийн бүжгийн тэмцээнийг зохион байгуулж, шилдэг бүжгийн хамтлагыг шалгаруулсан бөгөөд Дунд сайхны 4-р баг тэргүүн байрт шалгарч цомын эзэн болсон бол Хан уулын 2-р баг дэд тэргүүн байрт, Оюутын 7-р баг 3-р байрт тус тус шалгарсан байна.

Сүүлийн жилүүдэд тус аймагт нийтийн бүжгийг залуус өргөнөөр сонирхох болсон бөгөөд Оюут, Хан-уул, Даян хаан зэрэг ресторанууд, Ахмадын өргөөнд нийтийн бүжгийг тогтмол зохион байгуулдаг болжээ.

Д.Мишигсүрэн

相关新闻