Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам: Хүн төрөлхтөн энх амгалантай 21 дүгээр зууныг бүтээх ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-11-22 16:37:19

Энэ эрин зуун дотоод сэтгэлийн хөгжлийг орхигдуулах вий гэдэгт сэтгэл зовнидог. Хүмүүн төрөлхтөн зөвхөн боловсрол эзэмшсэнээр төгс болно гэвэл үгүй. Аз жаргалыг олохын тухайд дотоод сэтгэлийн боловсролыг чухалчлах ёстой хэмээн Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам оюутан залуустай хийсэн уулзалтынхаа үеэр онцоллоо.

Соёлын төв өргөөнд болсон  "21 дүгээр зууны ёс зүй ба бурхны шашин" сэдэвт уулзалтад 1000 орчим иргэн оролцсон юм.  

Амар амгалан байхын тухайд Далай багш ийнхүү айлтгаж байна.

 Дэлхийн 7 тэрбум хүн бүгдээрээ бурхны шашинтай болно гэвэл бүтэшгүй зүйл.  Харин 7 тэрбум хүн амар амгалан байх ёстой. Эрүүл оюун ухаантай, дотоод амар амгалан байхад шашин шүтлэг хамаатай биш юм. Гэр бүлээр  жишээ татья. Эв түнжингүй, үргэлжийн хэрүүл маргаантай гэр бүл сэтгэлийн амар амгалангүй байдаг. Эв түнжинтэй байвал бие биенийгээ хүндэтгэн хайрлаж сэтгэл зовох зүйлгүй сайхан амьдарна. Үүгээр дотоод сэтгэлийн амар амгалан ямар чухал вэ гэдгийг харж болно.  Би 30 жил шинжлэх ухааны салбарынхантай хамтран ажиллаж байна. Тэд  дотоод сэтгэлийн амар амгалан ямар чухал вэ гэдгийг судалгаагаар нотолсон.

 Иргэний ёс зүйн талаар юу хэлэх вэ гэсэн асуултад Далай лам хариулахдаа,  Долоон тэрбум хүний нэг тэрбум нь огт шашин шүтдэггүй. Гэхдээ шашин шүтэхгүй ч бусдыг энэрэн хайрлах сэтгэлтэй байх нь  хамгийн чухал зүйл.  Өөрөөр хэлбэл  хүн төрөлхтөн бие, биенээ хайрлан нигүүлсэх үйлийг хийх хэрэгтэй. Үүнийг амаар бус үйл хөдлөлөөрөө илэрхийлэх нь чухал. Цаг хугацаа үргэлж өөрчлөгдөж байдаг. Бид ирээдүйг бүтээж чадна. Ирээдүй өнөөдрөөс хамаарна. 21 дүгээр зууныг хэн ч эргүүлэн авчирч чадахгүй. Харин ирэх зуундаа бид өөрчлөлтийг хийх ёстой. Энэ өөрчлөлт нь юу вэ гэхээр энх амгалантай 21 дүгээр зууныг бүтээх явдал юм. Энэ өргөөнд бид тайван, амар амгалантай байхад дэлхийн нөгөө өнцөгт буюу Араб, Африкийн орнуудад хүмүүс алтан амиа алдаж байна. Эрт цагт араатан амьтад л хүний аминд хүрдэг байлаа. Харин энэ зуунд хүн хүнээ хөнөөдөг явдал их гарч байна. Өнөөдөр даян дэлхийг дайн тулаан, хэрцгийллээс ангид байлгах гол үзүүлэлт бол дотоод сэтгэлийн амар, амгаланг олох явдал юм. Ухаарлыг олох, нэгдмэл байдалд хүрэх нь та биднээс хамаарна. Бусдыг энэрэн хайрлах нь танаас эхэлнэ” хэмээн тодотголоо.

Хүчээр шийддэг хуучин сэтгэлгээг ХХI зуунд  өөрчлөх ёстой

Монголчууд таван хошуу малаа маллаад өөрсдийнхөө амьдралыг төвөггүйхэн аваад явчихдаг байлаа. Гэтэл өнөөдөр дэлхий дахин бие, биенээсээ хамааралтай болсон. Түүнчлэн дэлхийн эдийн засаг хоорондоо нягтарч байна. Энэ нягтрал нэг талдаа сөрөг зүйлийг үүсгэж буй юм. 21 дүгээр  зуунд  зөрчилдөөнийг үеэ өнгөрөөсөн 20 дугаар зуун шиг хүч хэрэглэх арга замаар шийдэж болохгүй. Тиймээс  сэтгэлгээний хуучралыг халах ёстой. 20 дугаар зуунд 200 сая хүн дайн тулааны улмаас амь насаа алдсан. Аливаа асуудлыг хүчээр шийддэг хуучин сэтгэлгээг ХХI зуунд бид өөрчлөх цаг болсон. Бусдын амар амгалан танаас хамаарна. Таны амар амгалан бусдаас шалтгаална гэдгийг сайтар ухаарах хэрэгтэй. 

Дотоод сэтгэлийг хөгжүүлэх боловсролын хөтөлбөрийг нэвтрүүлнэ

Дотоод сэтгэлийн боловсролыг олгоход шашны байгууллагууд анхаарч ирсэн. Тиймээс бид дотоод сэтгэлийн амар амгалантай байлгахад хамаг анхаарлаа төвлөрүүлж байна. Шинжлэх ухааны үндэслэлтэй дотоод сэтгэлийг хөгжүүлэх боловсролын хөтөлбөр боловсруулж байна. Эл хөтөлбөрийг АНУ, Энэтхэг улсад хэрэгжүүлнэ. Монголын боловсролын салбар бидэнд хандаж дээрх хөтөлбөрийн нэвтрүүлж болно. Дотоод сэтгэлийг хөгжүүлэх боловсролын хөтөлбөрийн үр дүн 5-6 жилийн дараа гарна. Сэтгэлийн  амар амгалан байхын тухайд зүгээр нэг залбирах бус үйл хөдлөлөөр гаргах нь чухал.  Сайн үйлийг ярих биш, хийх хэрэгтэй, бусдад үйлчлэх ёстой.

Бие сэтгэлийн амар амгаланг хослуулбал Монгол Улс бүрэн дүүрэн урагшилна

 Миний тал оюун бурхан шашинтай холбоотой, нөгөө тал нь шинжлэх ухааныг судалдаг гэж хэлж болно. Шинжлэх ухааныг орхигдуулж яавч болохгүй. Монголчууд орчин үеийн шинжлэх ухаан,  боловсрол, техник технологийг дотоод сэтгэхүйн боловсролтой хослуулбал хөгжлийн замд төвөггүйхэн гарна. Бие сэтгэлийн амар амгаланг хослуулбал Монгол Улс бүрэн дүүрэн урагшилна. Сүм хийд зөвхөн сүслэх газар биш, суралцах газар байх ёстой. Тийм учраас лам хуврагууд дотоод сэтгэлээ хөгжүүлж шинжлэх ухаанд  шамдан суралцвал зохилтой.

Чингис хааны үед Монгол Улс аугаа  байсан

Зарим оронд сүсэгтнүүдийн хувьд сүм хийддээ итгэх итгэл нь суларч байна. Энэ нь сүм хийд зөвхөн гүрэм дором хийж, өргөл барьц авах замаар ном айлдаж буйтай холбоотой. Нөгөөтэйгүүр лам хуврагууд нь эрдэм номд шамдахгүй байна. Хэрэв та бүхэн намайг хүндэлдэг бол бурхны шашныг шинжлэх ухаанчаар судлаарай.

Эртний Энэтхэгт оюун санаа,  дотоод сэтгэлийн хөгжил өндөр байсан. Харин өнөө цагт энэ чиг хандлага суларч байна.  Монголчууд дотоод сэтгэлээ хэрхэн хөгжүүлэх, хэрхэн амар амгалан байх вэ гэдгийг эрт дээр үеэс мэддэг байсан. Тийм учраас сэтгэлийн ухааныг өөрсдөө сурч, түгээх нь зүйтэй юм. Оюун санааны сургаал номлолыг  бусдад түгээх ажлыг хийх хэрэгтэй. Чингис хааны үед Монгол Улс аугаа  байсан.  Эдүгээ мэдлэг боловсрол, уламжлал соёл, шашнаа дээдэлснээр Монгол түмний хийморь сүлд улам бадрах болно.

"Та бүхний хичээл зүтгэл, ерөөл барилдлагаар би Монгол оронд айлчилж байна. Та бүхний сүсэг үнэхээр гайхамшигтай. Дараагийн удаа ч мөн ард түмний сүсэг бишрэлд хөтлөгдөн дахин ирнэ" хэмээн уулзалтын төгсгөлд Дээрхийн гэгээнтэн айлдлаа.

 Б.Заяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻