"Элэг бүтэн Өмнөговь" хөтөлбөр хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт "Элэг бүтэн Өмнөговь" хөтөлбөр хэрэгжихээр болоод байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд 18-аас дээш насны иргэдээ элэгний В, С вирусын шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах ажээ. "Манай аймагт 2005 онд элэгний хорт хавдрын өвчлөл 10 мянган хүн амд 3.2 байсан бол 2015 онд 7.6 болж өссөн байгаа. Элэгний хавдар, архаг үрэвсэл, хатууралд хүргэж байгаа голлох шалтгаан нь элэгний вирусын халдвар байгаа юм" гэж аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Цэндсүрэн ярилаа.
Сүүлийн үеийн эмчилгээний үр дүнд элэгний В. С вирусыг 100 хувь эмчилж байгаа гэнэ. Тиймээс тухайн вирусын тархалтыг зогсоох зорилгоор шинжилгээнд иргэдээ хамруулахаар болжээ. Улмаар вирус илэрсэн хүмүүсээ БОЭТөвд баталгаажуулах шинжилгээнд хамруулан, хяналтандаа авч эмчлэх арга хэмжээг авах аж. Энэхүү "Элэг бүтэн Өмнөговь" хөтөлбөр ирэх оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжих юм байна.
Д.Мишигсүрэн