Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өөрсдийн ертөнцөө дүрслэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-11-24 16:23:43

НҮБ-аас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг "Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр" болгон дэлхий нийтээр тэмдэглэдэг уламжлалтай.

Эл өдрийг угтан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дуу хоолой, хүсэл мөрөөдлийг сонсох, бүтээлч үйл ажиллагааг дэмжих, тэдний өөртөө итгэх итгэлийг нэмж, урам зориг өгөх зорилгоор БСШУСЯ, ХНХЯ-тай хамтран ЖАЙКА-гийн “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл"-ийг хэрэгжүүлж байна.  

Энэ хүрээнд нийслэлийн тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдийн дунд “Миний ертөнц” сэдэвт гар зургийн уралдаан зарлан, шилдгүүдийг шалгарууллаа.

Тус уралдааныг нийслэлийн 9 дүүргийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс” болон 6 тусгай  сургуулиар дамжуулан зохион байгуулав. Нийт 143 бүтээлээс тэргүүн байр 1, дэд байр 1, гутгаар байр 2, тусгай байранд 8 бүтээл тодорчээ.

Уралдаанд байр эзэлсэн бүтээлийн эздэд энэ сарын 26-нд шагнал гардуулан, бүх бүтээлээр зургийн үзэсгэлэн гаргах юм.

Бүтээлийн үзэсгэлэнг энэ сарын 29-нөөс ирэх сарын 13-ны хооронд Шангрилла зочид буудлын Аймакс  төвийн “Art Space Mongolia”-д байрлуулна.

Ж.Болор

相关新闻