Японы эзэн хааны төрсөн өдрийг угтан тэмдэглэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭЯпоны Цог Жавхлант Эзэн Хаан Акихитогийн 83 насны сүүдэр зооглож буй баярыг угтсан хүндэтгэлийн хүлээн авалт өчигдөр Шангри Ла зочид буудлын Ballroom их танхимд болов.
Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү “Цог жавхлант Эзэн хааныхаа төрсөн өдрийг Монголын анд нөхөдтэй хамт 6 дахь жилдээ тэмдэглэж байна” хэмээн хэлсэн юм.
Хүндэтгэлийн хүлээн авалтанд улстөр, урлаг, соёлын зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчид, үе үеийн дипломатчид, Япон улстай амьдралаа холбосон эрдэмтэн судлаачид уригдан ирсэн байлаа.
Таван жил Монгол улсад Япон улсаас суугаа Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаад нутаг буцах гэж буй Такэнори Шимизү тус хүлээн авалтыг нээж Монгол хэлээр хэлсэн үгэндээ “Өнгөрсөн таван жилийн хугацаанд Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол улсад 3 дахь удаагаа айлчлал хийсэн нь хоёр орны харилцааны түүхэнд анхны шинэ тохиолдол боллоо. Монгол улсаас ч бас шинэ засгийн газар байгуулагдсан даруйд Есдүгээр сард Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Япон улсад айлчилсан бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат анхныхаа гадаад айлчлалыг Япон улсаас эхлүүлсэн” хэмээн онцлон тэмдэглэв.
Түүнчлэн тэрбээр өнгөрсөн 6 дугаар сард хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь хоёр орны харилцааг ихээхэн гүнзгийрүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн юм. Үүний сацуу эдийн засгийн хамтын ажиллагаа маш эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглүүштэй гээд Сургалтын эмнэлгийн төсөл, Хөшгийн хөндийн олон улсын нисэх буудлын төсөл, 1000 инженер бэлтгэх төслүүд амжилттай хэрэгжиж буйг дурдлаа. Япон улсаас Монгол улсад хэрэгжүүлж буй төслийн тоо 500 гарсан бөгөөд эдгээр бүх төсөл хөтөлбөрүүд Монголын жирийн иргэдийн амьдрал ахуйд ихээхэн тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна гэв.
УИХ-ын гишүүн, Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Сумъяабазар манай хоёр орны харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, энэ жилийн хувьд Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол улсад АСЕМ-ын өндөр хэмжээний уулзалтад оролцохоор ирсэн, Монголд гурав дахь удаагаа айлчилсан Япон улсын анхны ерөнхий сайд болсноороо онцлог байлаа хэмээв. Тэрбээр Японы ард түмэнд Монголын ард түмний өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэнд хүргэв.
Эзэн хаан Акихито 1989 оноос хойш хаан ширээнд суусан бөгөөд энэ цагаас хойш япончууд Эзэн хааны төрсөн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг аж. Тэрбээр төрсөн өдрөөрөө гэр бүл, ойр дотны төрөл төрөгсдийн хамт ордны сум нэвтэрдэггүй шил бүхий тагтан дээр гарч, иргэдтэй мэндчилдэг юм. Жил бүр Эзэн хаан Акихитогийн төрсөн өдрөөр хааны ордны хашаанд 15 мянга орчим хүн цуглардаг гэнэ. Токиогийн өнцөг булан бүрээс олон иргэд Акихито хаанд төрсөн өдрийн баяр хүргэхээр хааны ордныг зорин ирдэг аж. Эзэн хаан Акихито 1933 оны 12 дугаар сарын 23-нд Эзэн хаан Хирохито, хатан Нагако нарын ууган хүү болон мэндэлжээ.
Б.Амарсайхан
Гэрэл зургийг Б.Чадраабал