ЭЗБХ-ны гишүүд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-16 17:53:26

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд өнөөдөр Олон улсын валютын сан (ОУВС)-гийн Дүрмийн 4 дүгээр заалтын ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


ОУВС-гийн Дүрмийн 4 дүгээр заалтын дагуу тус сангаас ажлын хэсэг гарган гишүүн орнууддаа жил бүр тогтмол ажиллуулсаар ирсэн болохыг ноён Тахсин Саади дурдаад, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, түүнийг дэмжих чиглэлээр Засгийн газар, УИХ-аас авч хэрэгжүүлэх боломжтой бодлогын талаар товч мэдээлэл өгсөн юм. Тус ажлын хэсэг долоон сарын өмнө Монгол Улсад ажиллахаар төлөвлөсөн ч энэ хооронд нөхцөл байдал нэлээд өөрчлөгдсөн гэдгийг тодотгоод, ажлын хэсэг ойрын хугацаанд товч тайлангаа Монгол Улсын Засгийн газар, Сангийн яаманд танилцуулна гэлээ. Харин үндсэн тайлангаа ирэх намар бэлэн болгох товтой гэдгээ дуулгав.


Уулзалтаар талууд Монгол Улсын эдийн засаг, төсвийн өнөөгийн нөхцөл байдал болон ойрын болон урт хугацааны төлөв, холбогдох дүгнэлт зөвлөмжийн талаар ярилцаж, санал солилцлоо. Уулзалтад УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Р.Батболд, Н.Батсүмбэрэл, П.Батчимэг, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, Л.Соронзонболд, А.Ундраа, ОУВС-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Тигран Погосяан, Монгол Улсыг хариуцсан гүйцэтгэх захирал Ким Сонвуг болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

相关新闻