Сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн эрсдлийг үнэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-11-29 15:35:09

“Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогц аюулгүй байдал” бодлогын чуулганд оролцогчид хоёр өдрийн турш цэцэрлэг, ЕБС-ийн орчинд газар хөдлөлт, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, суралцагчдын аюулгүй суралцах орчныг бүрдүүлж байгаа сайн туршлагаас хуваалцаж, цаашид хамтран ажиллах бодлогын  чиглэлийг тодорхойлов.

Чуулганыг БСШУСЯ, ОБЕГ, НҮБ-ын Хүүхдийн сан, Хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран зохион байгуулсан юм.

БСШУСЯ-ны Бага боловсролын хэлтсийн мэргэжилтэн Б.Дуламханд хэлэхдээ, “Цэцэрлэг, ЕБС, дотуур байранд 2-18 насны хүүхдүүд хамардаг онцгой салбар болохын хувьд гамшиг, ослын үед боловсролын салбарын бэлэн байдлыг хангах, хүүхэд хамгааллын чиглэлээр  яамнаас зарим арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа боловч мэргэжлийн байгууллагуудын дэмжлэг туслалцаа зайлшгүй хэрэгтэй байна. Чуулганы үр дүнд үндэсний болон орон нутгийн түвшинд зөвлөмж гаргалаа. Үндэсний түвшинд хамтын ажиллагааг хөгжүүлэх, боловсролын салбарын удирдах ажилтнуудыг мэргэшүүлэх, чадавхижуулах, олон нийтийн болон хүүхдүүдийн оролцоог гамшгийн менежментийн чиглэлээр нэмэгдүүлэх, барилга байгууламжийн эрсдлийг үнэлэхээр боллоо. Мөн цэцэрлэг, их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт гамшгийн менежментийг тусгах юм. Орон нутгийн түвшинд нутгийнхаа онцлог болон сургууль, цэцэрлэг өөрийн орчин нөхцөлд тохирсон тохирсон гамшгийн менежментийн төлөвлөгөөтэй байх, багш, ажилтнуудын гамшгийн үед авах арга хэмжээ, урьдчилсан сэргийлэх чиглэлээр мэдлэг мэдээлэл олгох сургалт зохион байгуулах юм. Түүнчлэн орон нутгийн түвшинд эрсдэл үнэлэх, барилга байгууламжийн эрсдлийн үнэлгээнээс гадна гамшгийн эрсдлийн мэдээллийн сантай болох зэргийг тусгалаа. МХЕГ-аас Засгийн газрын 2016 оны тогтоолын хүрээнд улсын хэмжээний барилга байгууламжийг үнэлэн 1970-аас дээш оны барилгууд нурах эрсдэл өндөртэй гэдэг дүгнэлтэд хүрсэн. Үүний ихэнхийг сургууль, цэцэрлэгийн барилгууд эзэлж байна. Тиймээс эрсдэл үнэлэх, хүчитгэл хийх, шинэчилж барих талаар үндэсний хэмжээнд тоолж аргачлал боловсруулахаар боллоо” гэв.

Энэхүү бодлогын чуулганд орон нутгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, мэргэжилтэн, Онцгой байдлын газар, хэлтсийн дарга, яам, онцгой байдлын газрын төлөөлөл, дотоодын болон олон улсын байгууллагын төлөөлөл  оролцов.

Ж.Болор

相关新闻