Олон улсын харилцааг шинэ шатанд гаргахыг чухалчлав
МОНГОЛЫН МЭДЭЭМУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургууль /ОУХНУС/-ийн 25 жилийн ойд зориулан “Олон улсын харилцааны байдал, төлөв ба Монгол Улс” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд боллоо.
Орчин үеийн олон улсын харилцааны улс төр, эдийн засаг, нийгмийн үйл явц асар хурдтай хувьсан өөрчлөгдөж байна. Дэлхий нийтийн анхаарал Зүүн хойд Азийн бүс нутагт төвлөрөхийн зэрэгцээ хоёр хөрш маань улс төрийн бие даасан хүчтэй бодлого явуулах боллоо. Үүнд монголчууд бид хэрхэн зохицож, үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолоо хамгаалж явах вэ гэдгийг эрдэмтэн судлаачид хэлэлцэж байна. Хуралд ОХУ-ын МГИМО, БНСУ-ын Инха их сургууль, БНКаз улсын Карагандагийн их сургуулийн профессорууд урилгаар оролцож байгаа юм.
Манай улсын хувьд хоёр том хөршийн дунд оршдог ч том газар нутагтай, хүн ам цөөтэй, байгалийн баялагтай учир дэлхийн аль ч оронтой эдийн засгийн харилцааг бий болгох боломжтой. Ингэхийн тулд хоёр том хөрш болон дэлхийн бусад орнуудтай эдийн засгийн харилцаагаа сайжруулан, олон улсын жишигт нийцсэн, олон талт харилцааг чухалчлах ёстой. Монголын төдийгүй олон орны эрдэмтэн судлаачдын байр суурийг нэгтгэж олон улсын харилцаагаа шинэ шатанд гаргах нь чухал гэдгийг хуралд оролцогчид хэлж байв.
ОУХНУС-ийн захирал, доктор, профессор С.Баттулга: Манай сургууль нь Монгол Улсад олон улсын харилцаа, дипломат албаны чиглэлээр үндэсний боловсон хүчин бэлдэж эхэлсэн анхдагч сургууль. Энэ хугацаанд 3000 орчим мэргэжилтэн бэлдэн гаргаснаас түрүүч нь УИХ-ын гишүүн, Монгол Улсаа төлөөлөх Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын түвшинд хүрчээ. Гэвч Монгол Улсын их, дээд сургуулийн боловсрол, сургалт судалгааны түвшнийг сайжруулах шаардлагатай. Олон улсын харилцааны байдал эрчтэй хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ үед манай сургууль түрүүлж сургалт судалгаагаа сайжруулах бодитой ажил хийх хэрэгтэй байна. Хамгийн гол зорилт бол ОУХНУС сургалт судалгааны хүчтэй төв болох ёстой. Ингэснээр бид улс орныхоо хөгжилд илүү дорвитой хувь нэмэр оруулна. Үүгээр дамжуулан үндэсний хэмжээний гадаад харилцаа болон онол практикийн туршлагатай хүмүүсийг нэгтгэх ёстой. Мөн глобальчлах асуудал эхэлж байна. Сургалт судалгааны уламжлалаа бататган гүнзгийрүүлэхийн зэрэгцээ төлөв байдлыг шинээр тодорхойлох явдал чухал болж байна.
Тус сургуулийн зөвлөх профессор, доктор Н.Алтанцэцэг: Өнөөдөр БНХАУ дэлхийд худалдаагаар нэгдүгээр, эдийн засгийн хэмжээгээр хоёрдугаар байрт орох болсон. Дэлхий дээр хамгийн олон хүн амтай, хурдацтай хөгжиж байгаа улсын хувьд түүний олон улсын тавцанд эзлэх үүрэг өсөн нэмэгдсээр байна. Энэ нь олон улсын харилцаанд ихээхэн өөрчлөлт оруулах чиг хандлагатай байгаа юм. Өнөөдөр Хятад орон Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банктай өрсөлдөхүйц Ази, Европын 57 орныг багтаасан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулсан. Энэ нь мөнгө, санхүүгээр дэлхийг удирдах дипломат арга болж байна. Хятадын гадаад бодлогын үндсэн чиглэл Ази, Африк, Латин Америкийн орнуудад хөрөнгө оруулалт хийж, тэднийг "өөртөө татах" бодлого барьж байна. Үүний нэг нь манай улс болж байна. Хөрөнгө оруулалтаар дамжин цаашид бүс нутаг, олон улсад төдийлөн үүрэг гүйцэтгэж байгаагүй салбарт хөрөнгө оруулалт хийж байна. Ирээдүйд Хятад улс олон улсын харилцаанд нөлөөлөх хүчтэй банк санхүүгийн том гүрэн болох гэж байна гэсэн дүгнэлтэд судлаачид хүрч байна. Тиймээс эдийн засгийн хувьд хүчирхэгжиж байгаа, дэлхийн улс төрийн том тоглогч болж байгаа Хятад оронтой Монгол Улс өөрийн эрх ашгийг хамгаалж чадахуйц дипломат чадварыг хэрэгжүүлэх ёстой гэлээ.
Тус эрдэм шинжилгээний хурал маргааш өндөрлөнө.
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал