Халдварт өвчний 25 хувь бэлгийн замаар дамжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-12-01 16:01:37
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Эрүүл мэндийн газар  ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажлаа танилцууллаа. Жил бүрийн 12 дугаар сарын нэгний өдрийг дэлхий нийтээрээ ДОХ-оос урьдчилан сэргийлэх өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил “ХДХВ/ДОХ-оос сэргийлэх нь та бидний гарт” гэсэн уриа дэвшүүлжээ.

Орхон аймгийн ЭМГ, БОЭТ хамтран бэлгийн замаар дамжих халдварын тархалтыг бууруулах зорилгоор өсвөр насныханд үйлчилдэг эмчийн орон тоог 2013 оноос бий болгожээ. Тус аймагт бүртгэгдсэн халдварт өвчний 25 хувийг бэлгийн замаар дамжих халдвар эзэлдэг байна. Үүний 48.9 хувь нь тэмбүү, 22.8 хувь нь трихомоназ, 6.6 хувь нь заг хүйтэн өвчин эзэлж байна. Бэлгийн замаар дамжих халдвартай иргэдийн дийлэнх нь 15-34 насныхан байна. Иймд ЗДТГ, ЭМГ, БОЭТ, Улаан загалмайн хороо хамтран өсвөр үе, оюутан залуусын дунд тандалт судалгааны урьдчилан сэргийлэх үзлэг хийж байна.

ХДХВ-ын халдварыг эрт илрүүлж чадвал дархлаа дэмжих эмчилгээ хийлгэснээр 72 хүртэл наслах, 20 насандаа илрүүлж эмчилгээ хийлгэвэл 35 хүртэл наслах боломжтой гэнэ. Иймд иргэд бэлгийн замаар дамжих халдварт өртөхгүй байх ийм эрсдэлд орохоос сэргийлэх, 15-49 насныхан жилд нэг удаа шинжилгээнд хамрагдах хэрэгтэй гэж БОЭТ-ийн эмч ярьлаа.

Өнөөдрийн байдлаар дэлхийд 36.7 сая хүн ХДХВ-ийн халдвартай байна. Жилд дунджаар 2.1 сая хүн уг өвчний халдвар авдаг гэсэн судалгаа байна. Харин Монголд энэ оны 11 дүгээр сарын байдлаар 218 тохиолдол бүртгэгджээ. 2016 оны шинэчилсэн тооцооллоор 15-49 насныханы дунд ХДХВ-ийн халдвартай 457 хүн байх магадлалтай гэнэ. Өөрөөр хэлбэл, ХДХВ-ын халдвараар бүртгэгдсэн 2 хүний ард гурван хүн оношлогдоогүй байдаг гэсэн тооцоо байна.  Манай улсад бүртгэгдсэн 218 тохиолдлын 62 хувийг 25-34 насны залуучууд эзэлж байна. Халдвар авсан тохиолдлын 99 хувь нь бэлгийн замаар дамжсан бөгөөд үүний 80 хувь нь эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд /ЭБЭ/  байна. Халдварын тохиолдол 21 аймгаас илэрсэн байна. Энэ онд 5, 1992 онд анх илэрсэнээс хойш 35 хүн уг өвчний улмаас нас баржээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

相关新闻