“Үдийн цай хөтөлбөр” хэрэгжилт хангалттай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВҮдийн цай хөтөлбөрийн хүрээнд өгсөн сүүтэй будаа, бэрээс, аарцтай будаа, сүүтэй каш, бусад хоол хүнс зэргээс дээж авч лабораторид шинжлүүлэхэд ЭМ-ийн сайдын тушаалд заасан 740 ккал илчлэг нормд хүрсэн гэлээ.
Төв аймгийн хэмжээнд “Үдийн цай” хөтөлбөрт 2016-2017 оны хичээлийн жилд 32 сургуулийн 1-5 дугаар ангийн хүүхдүүд хамрагдаж байна.
Тиймээс “Үдийн цай” хөтөлбөрөөр сурагчдад өгч байгаа хоол, хүнсний бүтээгдэхүүний орц, хэмжээ, илчлэг норм нь хүүхдийн өсөлт хөгжилт, физиологийн хэрэгцээг бүрэн хангаж чадахаар байгаа гэж Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
Хүүхдийн биед тохирсон эрүүл олон төрлийн бүтээгдэхүүнээр үдийн цайгаа бэлтгэдэг бөгөөд чанарын шаардлага дээд зэргээр ханган ажиллаж байгаа гэж "Чансаа "зоогийн газрын ахлах тогооч Х.Оюунсүрэн хэлж байлаа.
Төв аймгийн Зуунмод сумын хэмжээнд 2005 оноос хойш 3 сургуулийн 1-5 ангийн сурагчид “Үдийн цай” хөтөлбөрт хамрагддаг бөгөөд нийт 3 сургуулийн 1167 хүүхдийн үдийн цайг "Чансаа" зоогийн газрын хамт олон бэлтгэн нийлүүлж байгаа аж.
“Үдийн цай” хөтөлбөрт нийлүүлдэг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн ялангуяа эрүүл мал бүхий фермерийн аж ахуйн сүү, мах, эх орны хөрсөнд ургасан экологийн цэвэр хүнсний ногоогоор хангуулах асуудлыг энэ жилээс тусгай бодлогоор зохицуулж эхэлсэн бөгөөд цайны газруудын эрүүл ахуйн шаардлага сайжирч байгаа талаар албаныхан онцолсон юм.
Т.Есүхэйтөмөр