Сүхбаатар аймгийн БТСГ-ын даргаар Б. Өлзийтогтох томилогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-12-05 17:02:47

Сүхбаатар аймгийн засаг даргын 12 дугаар сарын 5-ны өдрийн 62 тоот тушаалаар аймгийн Биеийн тамир спортын газар /БТСГ/-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Буджавын Өлзийтогтох томилогдож,  ажлаа хүлээн авлаа.

Б.Өлзийтогтох хэлэхдээ “Би хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажилласан. Энэ хугацаандаа спортын салбартай илүү ойр байж хурдан морь болон үндэсний бөхийн барилдааныг тайлбарлан хүргэж, үүнтэй холбоотой нийтлэл нэвтрүүлгүүдийг ч тогтмол хийж үзэгч түмний хүртээл болгож байсан. Тиймээс энэ салбар тийм ч хол хөндий санагдахгүй байгаа. Түрүү түрүүчийн дарга нарын ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Төрийн ажил явагддагаараа явагдана. Сүхбаатар аймагт биеийн тамир спортын салбарыг илүү хөгжүүлэхийн тулд салбартаа олон жил ажилласан дадлага туршлгатай хамт олон та бүхэнтэйгээ гар, сэтгэл нийлэн хичээн зүтгэх болно” гэсэн юм. Мөн  төрийн албанд ямар нэгэн салаа сэлгээ хийхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.

Сүхбаатар аймгийн БТСГ нь 30 хүний бүтэц бүрэлдэхүүнтэй. Газрын жилийн төсөв нь 731сая төгрөг. Одоогоор ямар нэгэн өр авлагын зүйл байхгүй гэдгийг БТСГ-ын нябо Б.Наранцацрал танилцууллаа.

Ер нь аливаа газрын дарга заавал тухайн салбарын мэргэжлийн хүн байх албагүй. Үнэхээр хамт олноо удирдаад, ажлаа сайн авч явж чадаж байвал тэр хүн жинхэнэ удирдагч, манлайлагч байдаг. Хамгийн гол нь удирдах арга барилтой, дээрээс нь ажлаа гэсэн чин сэтгэл  зөв хандалагтай байх ёстой. Ямартай ч Сүхбаатар аймгийн БТСГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчийн ажлыг  өсөн дэвшиж яваа залуу боловсон хүчин хүлээн авлаа. Цаашид хэрхэн яаж ажиллахыг нутгийн ард иргэд харах л үлдлээ.

Т. Одончимэг

 

相关新闻