Г.Угалзцэцэг Дэлхийн хошой аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-12-06 08:58:45

Тайландын Бангкок хотноо болсон 2016 оны бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн атлетик бие бялдар ангилалд Г.Угалзцэцэг тэргүүн байр эзэлж, Дэлхийн хошой аварга болов.

Тэрбээр өнгөрсөн жил энэ ангилал /women's athletic physiquе/-д түрүүлж, Монголын анхны эмэгтэй бодибилдингийн Дэлхийн аварга тамирчин болж байсан юм. Бодибилдинг, фитнессийн ДАШТ-д манай 19 тамирчин өрсөлдөж байгаагаас эмэгтэйчүүдээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн. Тухайлбал Г.Угалзцэцэг болон Фитнесс төрөлд А.Ичинноров нар алтан медаль Б.Бадамсүрэн хүрэл медалийг энгэртээ зүүсэн. Харин эрчүүдээс бодибилдингийн 70 кг-д Л.Саруулбат хүрэл медаль хүртжээ.

Бодибилдинг, фитнессийн ДАШТ нь нийт 36 ангилалд шилдгүүдээ тодруулдаг. Манай тамирчид бодибилдинг, атлетик, фитнес, модель, спорт модель гэсэн төрлүүдэд өрсөлдсөн юм. Энэ удаагийн ДАШТ-д 59 орны 600 гаруй тамирчид оролцжээ.

Д.Өлзий

相关新闻