Орхон аймагт Нийгмийн эрүүл мэндийн төв байгуулах санал тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-12-06 17:08:15
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Баттүвшин  “Нийгмийн эрүүл мэндийн төв” байгуулж түүнийг өөрсдийн байрлаж буй байрандаа оруулах  саналтай байгаагаа орон нутгийн удирдлагуудад хэллээ.

Тус аймагт сүүлийн жилүүдэд сүрьеэ, хорт хавдарын өвчлөл нэмэгдэх хандлагатай болжээ. Иймд халдварт болон халдварт бус өвчлөлийг бууруулах зорилгоор  олон нийтэд мэдээлэл түгээх, эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах, нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалах олон талт үйл ажиллагаа явуулах шаардлага байгаа гэнэ. Тодруулбал, 2012 онд Орхон аймагт хорт хавдараар өвчлөгсдийн тоо 360 байсан бол өнөөдөр 639 болжээ. Тус аймагт жилд дунджаар 100 орчим хүн хорт хавдарын улмаас нас бардаг байна. Мөн 100 орчим хүн сүрьеэгээр өвчилж 42 хүн халдвартай хэлбэрийн сүрьеэтэй байна гэж Эрүүл мэндийн газрын дарга М.Баттүвшин хэллээ.

Сүрьеэ өвчний хяналт, сэргийлэлт хариуцдаг нэгж нь шаардлагатай тусламж, үйлчилгээнийхээ 20 хувийг л үзүүлж байна. Энэ нь "Нийгмийн эрүүл мэндийн нэгдсэн төв" байхгүйтэй холбоотой гэж тэрээр тайлбарласан юм.  Иймд Эрүүл мэндийн газар өөр газар луу шилжиж өөрсдийн хоёр давхар байраа "Нийгмийн эрүүл мэндийн төв"-д шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж асуудлыг шийдэж өгөхийг орон нутгийн удирдлагуудаас хүсчээ.

 

 Б.Оюун-Эрдэнэ

 

相关新闻