Дундговийн МСҮТ шинэ байрандаа үйл ажиллагаа явуулж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн МСҮТ шинээр ашиглалтад орсон цогцолбор байрандаа нүүж оржээ. Тус цогцолбор төв улсын төсвийн 9 тэрбум 18 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж нэг жилийн өмнө улсын комисс ашиглалтад хүлээж авсан. Гэхдээ бохир усны шугам сүлжээгүйн улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүйгээр хүлээгдэж байсан юм.
Энэ жил улсын төсвийн 406 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шугам сүлжээг хийж дуусгасан бөгөөд ийнхүү үйл ажиллагаа явуулахад бэлэн болжээ. Шинээр ашиглалтад орсон МСҮТ нь 960 оюутны багтаамжтай, 200 оюутны дотуур байр, урлаг, спортын заал, дадлагын байр бүхий мэргэжлийн боловсрол олгох сургалтын иж бүрэн орчинг бүрдүүлжээ.
Энэ хичээлийн жилд тус төвд 620 гаруй суралцагч 20 гаруй чиглэлээр мэргэжлийн боловсрол эзэмшихээр суралцаж байна. Сургалтын орчин нөхцөл өргөжин сайжирсантай холбогдуулан МСҮТ-ийн материаллаг бааз, сургалтын тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхээр аймгийн Засаг дарга мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Түүнчлэн мэргэжлийн нэр төрлийг нэмэгдүүлж зочид буудал зоогийн газрын үйлчлэгч болон малчны анги шинээр нээх, багш нарын ур чадварыг өсгөж говийн бүсийн хэмжээнд мэргэжилтэн бэлтгэх сургалтын төв болгохоор 2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөртөө оруулжээ.
Т. Отгонтуяа