Ж.Батмөнх агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-12-10 16:06:56

“Ардчилал, хүний эрхийн өдөр” буюу жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг тохиолдуулан төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд нийслэлийн удирдлагууд болон хамтран зүтгэгчид, гэр бүлийнхэн нь хүндэтгэл үзүүллээ.

 Ж.Батмөнх агсан Монгол Улсын өөрчлөлт, шинэчлэлтийг тайван замаар хүлээн авч тухайн үед ардчиллын төлөө тэмцэж явсан залуучуудтай ойлголцож, ямар нэгэн эсэргүүцэл, тэмцэлгүйгээр ухаалаг шийдвэр гаргасан нь ардчиллын үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг Монголчууд мэднэ.

Ж.Батмөнх агсан их сургуулийн багшаас  хөдөлмөрийн гараагаа эхэлж,  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга,  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар томилогдон түүхэн цаг үед ажилласан зүтгэлтэн байв. Тэрээр 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, мөн оны зургаадугаар сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу ерөнхий сайдаар томилогдсон. 1984 он хүртэл БНМАУ-ын 13 дахь ерөнхий сайдаар, 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар буюу Төрийн тэргүүнээр ажиллаж байв. 

Дашрамд дурдахад 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг орон даяар тэмдэглэж энэ өдрийг “Ардчилал, хүний эрхийн өдөр” болгох Засгийн газрын тогтоол гарсан юм. 

 Б.Заяа

相关新闻