Цэрэг эрс тангараг өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНЗэвсэгт хүчний бүх ангиудад буюу орон даяар 2016 оны 2-р ээлжийн цэрэг татлагаар цэргийн албанд татагдсан дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол”-ын ажиллагаа боллоо.
Орхон аймагт БНМАУ-ын Маршал Г.Дэмидийн нэрэмжит Цэргийн гавьяаны Улаан тугийн болон Алтан гадас одонт Зэвсэгт хүчний 186-р анги, 110-р анги үйл ажиллагаа явуулдаг. Дээрх хоёр ангид хугацаат цэргийн алба хаахаар татагдан ирсэн алба хаагчид “Цэргийн тангараг” өргөлөө. Энэ үеэр Зэвсэгт хүчний 186-р ангийн захирагч, хурандаа Д.Жигжидсүрэн хэлэхдээ “Энэ жилийн хугацаат цэргийн алба хаагчдын тангараг өргөх ёслол олон онцлогтой болж байна. Учир нь энэ оны 9-р сарын нэгнээс Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндсэн баримт бичгийг шинэчлэн боловсруулж, Батлан хамгаалах салбарын багц хууль мөрдөгдөж эхэлсэн” гэлээ.
Хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар дээрх хоёр ангид хугацаат цэргийн алба хаахаар Булган, Хөвсгөл, Архангай аймаг болон Улаанбаатар хотоос 100 гаруй алба хаагч татагдан ирсэн юм. “Цэргийн тангараг өргөх ёслол”-ын ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, АЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Батсуурь болон тангараг өргөсөн алба хаагчдын ар гэрийн төлөөлөл оролцоо.
Б.Оюун-Эрдэнэ