ОУЖБХ-ноос жүдо бөхийн дүрмийг өөрчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-12-12 16:31:15

Жүдогийн тамирчид ирэх олимпийн циклд шинэчилсэн дүрмээр барилдахаар болжээ.

Японы Токио хотноо энэ сарын эхээр болсон “Их дуулга” тэмцээний үеэр Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны Их хурал болж, дүрэмтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, тодорхой өөрчлөлтийг хийгээд байна.

IJF-гийн албан ёсны сайтад барилдааны хугацаа эрэгтэй, эмэгтэй адилхан дөрвөн минут болсон бөгөөд юүко үнэлгээг бүрмөсөн байхгүй болгожээ. Мөн торгуулиар барилдааны дүнг шийдэхгүй байх өөрчлөлт оруулсан байна. Дүрмийн өөрчлөлт нь ирэх дөрвөн жилд буюу Риогоос Токио хүртэлх олимпийн циклид мөрдөгдөх юм. Жүдо бөхийн төрөлд 14 шинэ аварга өлгийдсөн Риогийн олимпийн цикл Токиогийн “Их дуулга”-аар төгсгөл болж, 2017 оны хоёрдугаар сард Парис хотноо болох “Их дуулга”-ын ээлжит цуврал тэмцээнээр Токиогийн олимпийн цикл эхэлнэ. Дүрмийг нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй болгох, илүү хялбаршуулах үүднээс ингэж өөрчлөх болсноо IJF-гийн удирдлага мэдэгджээ.

Одоогоор дүрмийн өөрчлөлтийг эцсийн байдлаар эмхтгэх ажлыг хийж, шинэ оноос өмнө улс орнуудын жүдо бөхийн холбоодод илгээнэ. ОУОХ-нд хаяглан зуны олимпийн хөтөлбөрт жүдо бөхийн багийн барилдааныг багтаах хүслээ уламжлахаар болсон байна. Багийн барилдаан нь эмэгтэй гурав (-57, -70, +70 кг), эрэгтэй гурав (-73, -90, +90 кг) жин багтаасан холимог бүрэлдэхүүнтэй байх юм. Өмнө нь хоёр вазари үнэлгээ авахад иппон болдог байсныг хүчингүй болгож, вазариг нэмж тооцох үнэлгээ байхгүй болсон. Даралтад 20 секунд дарахад иппон, 10 секунд бол иппон үнэлгээ өгнө.

Торгуулийн хувьд дөрвөн шидогоор Хансокү Макэ болдог байсан бол одоо гурван шидо нь Хансокү Макэ болно. Шүүлтийг илүү хялбар, ойлгомжтой болгох үүднээс жүдогийн өмсгөл (жүдоги)-өөс татах, шүүрэх зарим үйлдэлд торгууль оноохгүй болсон байна. Хамгаалах барилдаан хийсэн тохиолдолд шидо өгнө. Хөлд суух, өмднөөс татах үйлдэлд эхлээд шидо, хоёр дахь удаад Хансокү Макэ болно.

Энэхүү дүрмийн өөрчлөлтийн талаар ирэх нэгдүгээр сард Баку хотноо болох дасгалжуулагч, шүүгчдийн семинарын үеэр дэлгэрэнгүй танилцуулж, сургалт явуулахаар болжээ.

Д.Өлзий

相关新闻