"Эх хүүхдийн эрүүл мэнд" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-12-13 10:35:28

Өмнөговь аймаг 2016-2020 онд "Эх хүүхдийн эрүүл мэнд" хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.

Тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эх хүүхдийн эндэгдэлгүй болох боломжийг бий болгох юм.

Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дэмжих замаар, сэргийлж болох эрсдэлт хүчин зүйлсийг багасгаж, хувь хүн, хамт олон, гэр бүлийн нэгдмэл байдлыг хангаж, хамтран эх хүүхдийн эндэгдлийг бууруулахад уг хөтөлбөрийн зорилго оршиж байгаа аж. Ялангуяа эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад гэр бүлийн эрүүл мэндийн боловсрол, хариуцлага чухал байдаг байна. Мөн суурь өвчлөлийг бууруулах, дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглах, эмнэлгийн орчинд хүний нөөцөө бэлтгэх замаар эх хүүхдийн эндэгдлийг бууруулахаар төлөвлөж байгаа гэнэ. Тухайн хөтөлбөр зөвхөн жирэмсэн эх, нярай хүүхдээр хязгаарлагдахгүй бөгөөд өсвөр үеийн хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүлжүүлэхэд ч онцгой анхаарах аж.

Тус аймагт 2007 онд 908 эх төрж байсан бол 2013 онд 1536, 2016 оны 10 дугаар сарын байдлаар 1165 эх амаржсан байна. Уул уурхайн хөгжлийг дагаж суурин болон хөдөлгөөнт хүн ам өссөнтэй холбоотойгоор ийнхүү эхийн төрөлт нэмэгдсэн гэж мэргэжлийн байгууллагынхан хэлж байгаа юм. .Энэ онд 2 эх, 0-1 насны 20 хүүхэд, 1-5 насны  5 хүүхэд энджээ. 

Д.Мишигсүрэн

相关新闻