Үе тэнгийн зөвлөгчид нээлттэй хичээл хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-12-14 14:08:06

Үе тэнгийн зөвлөгчид “Үе тэнгийнхний гадуурхалт”, “Тамхидалт ба дам тамхидалт” гэсэн сэдвээр анхны нээлттэй хичээлээ нийслэлийн Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуульд өнөөдөр зохион байгууллаа.

Японы Засгийн Газрын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /JICA/-гийн дэмжлэгтэй БСШУСЯ, Японы Жичи Анагаах ухааны их сургууль, НЭМГ, Нийслэлийн Боловсролын газар, АШУҮИС зэрэг байгууллага хамтран “Өсвөр үеийнхнийг эрүүл аж төрөх дадалд суралцуулах тогтвортой тогтолцоо байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөл нь  “Үе тэнгийн зөвлөхийн үйл ажиллагаа”-г өргөжүүлэн хөгжүүлж, хүүхдүүд өсвөр наснаасаа эхлэн өөрийн зорилго тэмүүлэл, амьдралын зөв чиг баримжаатай болж, цаашлаад эрүүл аж төрөх дадалд өөрөө суралцах, бусад үе тэнгийнхэн болон эцэг эх, иргэд олон нийтэд үлгэр дууриал үзүүлдэг өсвөр үеийнхэн төвтэй жишиг тогтолцоог бүрдүүлэх зорилготой юм.

Төслийн үйл ажиллагаа Монголд 2016 оны есдүгээр сараас эхэлсэн.  Энэ хугацаанд түшиц сургууль болох  Сүхбаатар дүүргийн  Үндэсний лаборатори 71 дүгээр сургуулийн 8-10 ангийн 30 сурагчийг тусгай хөтөлбөрийн дагуу  “Өсвөрийн үе тэнгийн зөвлөгчийн сургалт”-д хамруулж бэлтгэсэн байна. Сургалтад хамарсан “Үе тэнгийн зөвлөгч” сурагчид таван багт хуваагдан сургуулийнхаа дунд, ахлах, ангийн сурагчдад чиглэсэн хичээлүүдийг санаачилж зохион байгуулж байгаа юм. Тухайлбал,  амьдралын зорилго, мөрөөдөл, өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйд гардаг онцлог, өөрчлөлтүүд ба тэдгээрийн хэрхэн хүлээж авах, өсвөр насныханд түгээмэл тохиолддог дарамт, шахалт, гадуурхалт, өөртөө итгэлгүй байдлыг хэрхэн даван туулах зэрэг асуудлыг хөндөн хүүхдээс хүүхдэд чиглэсэн сургалтыг амжилттай зохион байгуулжээ. 

Нээлттэй хичээлийн явцтай танилцахаар БСШУСЯ-ны Суурь бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга С.Болормаа, JICA-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар, НЭМГ, Нийслэлийн Боловсролын газар, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, АШУҮИС, тус сургуулийн эцэг эхийн зөвлөлийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм. 

Ж.Болор

 

 

相关新闻