Хоккайдо их сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлэг зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛМУИС болон Хоккайдо их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2017 оны намрын улиралд магистр, мэргэжлийн эсвэл докторын хөтөлбөрт суралцах хүсэлтэй оюутнуудын дунд Хоккайдо их сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлэг зарлалаа.
Элсэхийг хүсэгчид МУИС-ийн оюутан эсвэл төгсөгч байх, өөр байгууллагын тэтгэлэгт хамраагүй, амжилттай суралцсан сурлагын үзүүлэлттэй байх /GPA 3.5 дээш голч дүнтэй/ зэрэг шаардлага хангасан байх ёстой.
Тэтгэлгийн хэмжээ эхний жилд 2 сая 300 мянган иен /хоёрдахь жилээс 1 сая 800 мянган иен/ бөгөөд шалгалтын хураамж, элсэлтийн хураамж, курсын төлбөр /чөлөөлнө/ болон сар бүрийн амьжиргааны тэтгэлэг багтжээ.
Тэтгэлгийн хугацаанд сургуулийн дотуур байранд амьдрах боломжтой. Сар бүрийн амьжиргааны тэтгэлгээс гадна тухайн элссэн сард нэмэлт 220 мянган иен /судлаач оюутанд 70 мянган иен/, дараагийн дөрөвдүгээр болон 10 дугаар сард 35 мянган иен тээврийн зардал, сурах бичиг болон бусад зардалд олгох юм.
Тэтгэлгийн хугацаа Магистрын зэрэг 2 жил, Мэргэжлийн зэрэг /Нягтлан бодох болон нийтийн бодлого/ 2 жил, Мэргэжлийн зэрэг /Хууль/ 3 жил, Докторын зэрэг 3 жил, Докторын зэрэг /Анагаах, шүдний эмч, малын эмч, эмзүй/ 4 жил байх юм.
Хамтын ажиллагааны гэрээтэй сургуулиудын хэмжээнд 2017 оны 10 дугаар сард нийт зургаан тэтгэлэг олгоно.
Хөтөлбөрт хамрахыг хүсэгчдийн материалыг 2017 оны 01 сарын 04-нийг хүртэл МУИС-ийн Оюутны албанд хүлээн авах аж.
Ж.Болор