Эх нярайн эрүүл мэндэд зориулсан 1,2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭӨнөөдөр ЭМЯ-ны Б танхимд НҮБ-ын Хүн амын сан Эх, нярайн эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжийг Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор гардууллаа.
Энэ үеэр НҮБХАС-гийн Суурин төлөөлөгч Наоми Китахара, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар уг тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх баримт дээр гарын үсэг зурсан юм. Эх нярайн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангаас хамтран санхүү, техникийн дэмжлэг үзүүлж, ЭМЯ хэрэгжүүлж байгаа “Зүрх судасны төв, Эх хүүхдийн эрүүл мэнд, цахим эрүүл мэндийн тогтолцоог өргөжүүлэх Телемедицин” төслийн эх нярайн эрүүл мэндийн бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд худалдан авч нийлүүлсэн байна.
1,2 тэрбум гаруй төгрөг /600 мянган ам.доллар/-ийн өртөг бүхий төхөөрөмж нь Монгол орны нөхцөлд нийцсэн, өндөр чанартайг сонгосон бөгөөд эх, нярайн эрүүл мэндийн үйлчилгээний болон дутуу төрсөн нярайд зориулсан инкубатор, ургийн монитор, өвчтөний хяналтын монитор, хүндрэлтэй эх, нярайд зориулсан пульсоксиметр, дурангийн мэс заслын хэрэгслүүд, нярайд зориулсан амьсгалын аппарат, нярайн фото эмчилгээний аппарат зэрэг эрчимт эмчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд байгаа аж. Төхөөрөмжүүдийг 21 аймаг, ЭХЭМҮТ-д хандивлаж нэн даруй суурилуулж, холбогдох эмч мэргэжилтнүүдийг сургаж, тусламж үйлчилгээнд ашиглах юм. Хүлээлгэн өгөх ёслолын дараа тоног төхөөрөмж тус бүрийг суурилуулах, ашиглах мэдлэг түгээх дадлага, сургалт семинар болно. Аймгуудыг 4 бүлэгт хуваарилж өнөөдрөөс эхлэн энэ сарын 22-ныг дуустал ЭМЯ-ны байранд болон Улаанбаатар дахь НҮБ-ын байранд уг сургалт үргэлжлэх юм.
Д.Өлзий